Коронавирусний цар тахлын улмаас Токиогийн Олимпын наадмын бамбарын буухиаг үзэгчидгүйгээр эхлүүлэхээр төлөвлөж байна гэж “NHK” телевиз эх сурвалжаасаа иш татан мэдээлэв.
"Токио-2020” олимпын наадмын бамбарын буухиаг гуравдугаар сарын 25-нд Фүкүшима мужаас эхлүүлнэ. Олимпын галыг тус мужийн хөл бөмбөгийн бэлтгэлийн төвд асаах бөгөөд буухиа төлөвлөсний дагуу 121 хоног үргэлжилж, олимпын бэлгэдлийг Японы бүх 47 мужаар буухиалан авч явна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, бамбарын буухиаг эхлүүлэх арга хэмжээг хаалттай хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Олимпын наадмыг зохион байгуулагчид удахгүй өгч магадгүй байна.
Үүний зэрэгцээ Японы эрх баригчид Олимпын наадмыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар бэлтгэж байна гэж тус улсын хэвлэлүүд өмнө нь мэдээлжээ. Энэ асуудлаарх эцсийн шийдвэрийг сарын дотор гаргах аж.
Японы нийслэл Токио хотноо 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зуны Олимпын наадам болох ёстой байсан боловч цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Наадмыг хойшлуулсан ч “Токио-2020” нэрийг нь хэвээр үлдээхээр болсон. Түүнчлэн паралимпын бамбарын аялал ч үүнтэй ижил хугацаанд буюу 121 хоногт Японы бүх мужийг дайран өнгөрөх юм.
Цар тахал дэгдсэнээс хойш Японд 427 мянга гаруй хүн коронавирусээр халдварлаж, 7500 гаруй хүн нас баржээ.