Дотоод хэргийн их сургууль нь 2017 оноос эхлэн БНСУ-ын Чангшин их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж “Хос диплом хөтөлбөр”-ийн хүрээнд 8 хөтөлбөрийг 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Одоогийн байдлаар Дотоод хэргийн их сургуулиас 75 оюутан тус сургуульд суралцаж байгаа бөгөөд 2021 оны элсэлтийн шалгуурт тэнцсэн эхний 31 суралцагчийн 23 нь 02 дугаар сард, бусад 8 суралцагч нь 2021 оны 03 дугаар сарын 02 нд Солонгос улсыг зорисон.
Тус сургуульд суралцаж байгаа ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах тэнхимийн ахлах багш, Чангшин их сургуулийн зочин багш, докторант, ахмад Ж.Серикжантай цахимаар ярилцлаа.
-Одоогийн байдлаар Чангшин их сургуульд Дотоод хэргийн их сургуулиас хэдэн суралцагч сурч байна вэ?
-“Хос дипломтой хөтөлбөр” нь БНСУ-ын Чангшин их сургуульд хоёр жил, ДХИС-д хоёр жил тус тус суралцаж хос мэргэжилтэй хос дипломтой суралцаж төгсдөгөөрөө онцлог юм. Дотоод хэргийн их сургуулиас 2021 оноос “хос диплом хөтөлбөр”-т хамрагдах 35 суралцагч тусгай үүргийн нислэгээр БНСУ-ын Чангшин их сургуульд суралцахаар ирлээ. Коронавируст халдвар (Ковид19)-ын цар тархалттай холбоотойгоор хичээл,сургалтыг цахим болон танхим гэсэн хосолсон хэлбэрээр зохион байгуулж байгаа.
-Хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд суралцагчдад ямар үндсэн шаардлага тавьдаг вэ?
-Жил бүрийн элсэлтэд хамрагдах хүсэлтэй суралцагчид нэн тэргүүнд англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх шаардлагатай. Үүнтэй зэрэгцэн сурлага, сахилга бат, нийгмийн идэвхтэй байж, бүрэн дунд боловсролын гэрчилгээний голч дүн 75%, их сургуулийн голч дүн 2,8 ба түүнээс дээш байх гэсэн шаардлага тавигддаг.
Эдгээр шаардлагуудыг хангасан байхаас гадна гэр бүлийн гишүүд болон суралцагч өөрөө БНСУ-ын визний зөрчил гаргаагүй байх ёстой. Мөн Солонгос хэлний мэдлэгтэй бол давуу тал болдог. Суралцах хугацаанд сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, бусад зардлыг өөрөө хариуцах тул санхүүгийн чадвартай байх шаардлага ч мөн тавигддаг юм.
-Элсэлтийг хэрхэн зохион байгуулж, хөтөлбөрт тэнцсэн суралцагчид ямар төрлийн хөнгөлөлт эдэлдэг вэ?
-Эхлээд элсэгчийн бүртгэл хийж, англи хэлний шалгалт авч, тэнцсэн суралцагчдаас ярилцлагад орсноор эцсийн дүн нь гардаг. Харин ярилцлагыг БНСУ-ын Чангшин их сургуулиас элсэлт хариуцсан комиссын багш нар Монгол Улсад ирж англи, монгол хэлээр шагалт авдаг. Дараа нь БНСУ-д суралцах виза мэдүүлж, Их сургуультай сургалтын гурвалсан гэрээ байгуулдаг.
ДХИС-ийн суралцагчдад БНСУ-ын Чангшин их сургуулийн сургалтын төлбөрөөс төгсөх хүртэл 50%-ийн хөнгөлөлт үзүүлэхээс гадна элсэн орсон эхний улирал дотуур байрны төлбөрөөс 100% чөлөөлдөг нь маш том боломж юм. Мөн тухайн суралцагчийн сурлагын голч дүнгээс хамааран сургалтын төлбөрөөс 50%-100%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Хоёр сургуулийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ДХИС-ийн суралцагчид хамгийн өндөр тэтгэлэг авах боломжтой гэж хэлж болно.
-Чангшин их сургуульд суралцахын давуу тал нь юу вэ?
-БНСУ нь Ази тивдээ болон дэлхийд боловсролын чанараараа тэргүүлэгч орны жагсаалтад багтдаг. Сургалтын төлбөрийн хувьд АНУ болон Европын орнуудтай харьцуулахад төлбөр хямд учраас дэлхий төвшний чанартай боловсролыг хямд эзэмших боломжтой гэсэн үг. БНСУ-ын Чангшин их сургууль нь суралцагчдын сурах орчин, аюулгүй байдал болон хичээл хийх орчинг бүрэн хангаж, дэлгүүр, номын сан, спортын байгууламжууд, амралт чөлөөт цагаа өнгөрөөх байгууламжууд бүгд кампус дотроо байрладаг.
Мөн их сургуулиа төгсөөд БНСУ-даа ажиллах боломжтой хоёр жилийн хугацаатай визний эрх нээгддэг. БНСУ-д Samsung, LG, Hyundai, SK гэх мэт дэлхийн хэмжээний том компаниуд байрладаг учраас төгсөөд эдгээр байгууллагуудад ажиллаж туршлага хуримтлуулах боломж ч бий. Мөн сургуулийн захиргааны ажилд туслах, дотуур байрны давхрын дарга, цэвэрлэгээний дарга, номын сангийн туслах, фитнесийн багш зэрэг сургууль дотроо албан ёсны цагийн ажил хийх бүрэн боломжтой.
-Оюутнууд хэрхэн суралцаж байна вэ?
– БНСУ-ын Чангшин их сургуулийн сургалтын албанаас ДХИС-ийн суралцагчид биеэ зөв авч явдаг, өгсөн үүрэг, даалгаврыг хугацаандаа биелүүлдэг, хэл сурах авьяастай гэж үнэлдэг. Энэ нь Цэргийн сургуулийн сонсогч, оюутнууд болохоор энэ төрлийн чадварыг эзэмших давуу талтай гэж сургуультай холбож ойлгодог.
Манай сургуулийн суралцагчид Их сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж байдагт багш хүний хувьд баяртай байдаг. Жишээлбэл, 2020 онд Онцгой байдлын сургуулийн сонсогч Б. Хурболд нь “Галын аюулгүй байдлын инженер” мэргэжлээр суралцаж буй 1-р курсийн 165 оюутнаас сурлагын голч дүнгээрээ тэргүүлж тухайн хичээлийн жилд 100% тэтгэлэгтэйгээр суралцаж байсан. Мөн ЭЗНУС-ийн оюутан М.Энхжин, Г.Цэндсүрэн, С.Ариунзаяа болон ОБС-ийн сонсогч Н.Хонгорзул, Э.Хатантөмөр нар 2020 онд голч дүнгээрээ тэргүүлж 100% тэтгэлэгтэйгээр суралцсан. Мөн энэ оны 1-р улиралд нийт тэтгэлэгт хамрагдах 45 суралцагчаас 100%-ийн тэтгэлэг авсан 1 сонсогч, 70%-ийн тэтгэлэг авсан 6 сонсогч, 60%-ийн тэтгэлэг авсан 14 сонсогч, 50%-ийн тэтгэлэг авсан 24 сонсогч, оюутан байна. Энэ нь манай сургуулийн сонсогч, оюутнуудад маш сайн сурч байгааг харуулж байгаа юм. Жил бүр гадаад оюутнуудын дунд уламжлал болгон зохион явуулдаг “Олон улсын урлагийн их наадам”-д манай сонсогч, оюутнууд Монгол Улсыг төлөөлөн оролцож гурван жил дараалан тэргүүн байрт шалгараад байна.
-БНСУ-ын Чангшин их сургуульд суралцахыг хүсэж байгаа оюутнуудад мэдээлэл болгож тус сургуулийн талаар товч танилцуулна уу?
-БНСУ-ын Чангшин их сургууль нь 1908 онд үүсгэн байгуулагдаж 1991 оноос эхлэн их сургуулийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хүмүүнлэг, нийгмийн ухааны сургууль, Байгалийн шинжлэх ухааны сургууль, Инженерийн сургууль, Соёл урлагийн сургууль, Төгсөлтийн дараах сургууль гэсэн үндсэн таван бүрэлдэхүүн сургуультай. Дэлхийн 17 орны 45 их, дээд сургуулиудтай багш, оюутан солилцох, мэргэжил дээшлүүлэх, судалгааны ажил хийх зэргээр хамтран ажиллаж байна. Энэ оны 2-р сарын байдлаар Чангшин их сургуульд 7 улсын 152 оюутан элсэн суралцаж байна..