Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР руу шилжүүлж, ахиулсан юм. Үүнтэй уялдуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаснаа танилцууллаа.
Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж вакцинжуулалтын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Монгол Улс коронавирусийн дархлаажуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалт эхэлж, өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй хүнээ хамрууллаа. Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая хүнээ дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдөр 44 цэгт 97 баг тогтмол ажиллаж байна. АстраЗенека вакцины давтан тун найман 7 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхэлнэ. БНХАУ-ын Синофарм вакцины давтан тун 28 хоногийн дараагаас буюу дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэх юм. Ирэх долоо хоногийн дундаас 50-64 насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, 18-25 насныхныгаа вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна" гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС