Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Хотын дарга ба сэтгүүлчид" уулзалтаар "Хотын түгжрэл ба нийтийн тээвэр" сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй ярилцлаа. Уулзалтад UBS телевизийн Мэдээний албаны дарга Х.Жавзмаа, TV5 телевизийн Улс төр, мэдээллийн албаны дарга А.Болдсайхан, MN25 телевизийн сэтгүүлч Б.Даваахүү, NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаяр, Gogo.mn сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг, News.mn сайтын ерөнхий редактор Ш.Оюунчимэг нар оролцсон юм.
Хотын дарга иргэндээ ээлтэй, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө энэ уулзалтыг сар бүр зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Мөн тэрбээр "Хот гэдэг бол их айл. Тулгамдаж байгаа олон асуудал байна. Улаанбаатар хотын иргэдийг эрх чөлөөтэй, аюулгүй, эрүүл орчинд амьдруулах үүргийг бид хүлээж байна. Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын түгжрэл дээд түвшиндээ буюу 85 хувьд хүрсэн. Түгжрэл амьдралд маш сөргөөр нөлөөлж байна. Түгжрэлийн шалтгаан бол автомашины тоо, зогсоолын хүрэлцээ, жолоочийн ур чадвар, хот төлөвлөлт. Улаанбаатарыг олон улсын түвшинд хүрсэн, стандартад нийцсэн, аюулгүй хот болгох ёстой. Энэ зарчмыг баримтлан өргөн хүрээнд далайцтай бодлого баримталж ажиллана.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь тухайн орон нутагт үлдэхээр тооцохоор дүүргүүдийн шуудын орлого 700 тэрбум, нийслэлийн шуудын орлого 400 тэрбум, нийт 1.1 их наядаар хотын төсөв өмнөх оноос нэмэгдэнэ гэж урьдчилан харж байгаа. Үнэт цаас, бонд гаргах нь Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай, нэмэлт санхүүгийн эх үүсвэр. Үүгээрээ хот тулгамдаж байгаа асуудлаа зөв төлөвлөж хийнэ. Түүнчлэн бүтээн байгуулалт хийхэд концессын зохицуулалт хийх хэрэгтэй. Хотод санхүүгийн ийм дэмжлэгүүд орж ирнэ гэж тооцож байгаа. Хаврын чуулганаар бид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа. Ер нь Улаанбаатар хотын үе үеийн дарга нарын нэг толгойны өвчин бол нийслэлийн төсөв, санхүүгийн бие даасан байдал. Хотын бүх дарга нар хотоо сайхан болгох, хотын хөгжлийг зөв болгох, орчин үеийн шийдэлтэй Улаанбаатар хот болгохыг зорьж байсан. Гэтэл нэгдүгээрт, систем нь болдоггүй, хоёрдугаарт, тогтолцоо нь болдоггүй, гуравдугаарт, санхүүгийн эрх мэдэл нь хумигдмал. Улаанбаатар хотын энэ тулгамдаж байгаа асуудал сүүлийн 28 жил хуримтлагдаж иржээ. Бид Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхээр Засаг даргын мөрийн хөтөлбөртөө оруулж, хэрэгжүүлээд явж байгаа.
Төр, иргэний хамтын ажиллагаа их чухал. Бүх юмыг хотын захиргаа мэддэг юм шиг, өөрсдөө нөгөө талдаа үүргээ биелүүлдэггүй, асуудал үүсгэдэг. Эргээд хот руу ч юм уу, хариуцаж байгаа улсууд руу "Та нар тэгэх ёстой" гэдэг өөриймсөг бус сэтгэлээр битгий хандаач. Хотын иргэн бол соёлтой, ухаантай, үнэ цэнтэй, үнэлэмжтэй байх ёстой. Улаанбаатар хотын иргэн гэдгээрээ бахархах ёстой гэж би боддог. Тийм болгохын тулд бид бас хичээх ёстой. Төрийн захиргаа нь хүнд сурталгүй, төрийн албан хаагч нь түргэн шуурхай үйлчилдэг, төрийн ажлууд нь цахимжаад ирэхээр хүнд суртал, хардлага, сэрдлэг, авлигал, хээл хахууль цэгцрээд ирнэ. Ер нь Улаанбаатар хот цахим болох ёстой. Тийм учраас дижитал эрин зууны энэ үед хөгжилтэй хөл нийлүүлж, хотынхоо татвар, хураамжуудыг хэн нэгнийг стресст оруулахгүйгээр шийддэг зөв зохицуулалт руу бид шуурхай орох ёстой гэсэн үүрэг, чиглэл өгч ажиллаж байгаа" хэмээн ярилаа.
Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
UBS телевизийн Мэдээний албаны дарга Х.Жавзмаа: -Улаанбаатар хотын тулгамдсан асуудал гэхээр агаарын бохирдол, замын түгжрэл гээд л хүн болгон ярьдаг. Энэ асуудлыг яриагүй Хотын дарга, Ерөнхий сайд байхгүй. Утааны асуудлыг хөрөнгө мөнгөтэй холбодог. 10 жилийн хугацаанд 800 тэрбумыг зарцуулчихсан байна. Дэлхийн томоохон хотууд түгжрэлээ зам, гүүр нэмж бариад ч шийдэж чадаагүй. Манай нийтийн тээвэр бохир, хүртээмжгүй талаар иргэд ярьдаг. Та нийтийн тээвэрт ямар шинэчлэл хийх вэ?
-Нийтийн тээврийн хөгжил муу байгаа, энэ бол үнэн. Нийтийн тээврийн үйлчилгээнд санал асуулгад оролцсон иргэдийн 84 хувь нь муу дүн тавьчихсан байгаа. Бид шинэчлэл хийхээр бэлдээд, тооцоод явж байна. Иргэд нийтийн тээврээ сайжруул, метрогоо, давхар автобус, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан автобусаа явуулаад өгөөч ээ гээд байгаа.
Улаанбаатар хотод 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Тээврийн хэрэгслийн дундаж хурд 13 км цаг байна. Бидний зорилт бол 25 км цагт хүргэх. Үүний тулд 1-3 жил, 3-5 жил, 5-8 жил, наймаас дээш жилийн насжилттай гэх мэт байдлаар татварын зохицуулалтыг бий болгох хэрэгтэй. Автомашин эзэмшиж байгаа хүний тоо 2-3 дахин нэмэгдсэн. Гэтэл авто зам нь 10 гаруй жилийн хугацаанд 954 км-ээс 1136 км л болж нэмэгдсэн байна. Энэ байдал удаан үргэлжилбэл 2030 он гэхэд тээврийн хэрэгслийн дундаж хурд зургаан км цаг болох нь. Автомашины тоо ч нэмэгдэж, 927 мянгад хүрэх тооцоо байна. Иймээс бид яаралтай арга хэмжээ авахгүй бол хотын замын хөдөлгөөн уналтынхаа доод шатанд очно. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал бидний номер нэг дайсан. Тиймээс бид ковидтой тэмцэхийн хажуугаар энэ тооцоо судалгаан дээр мэргэжлийн улсуудаа суулгасан. Шинжлэх ухааны үндэстэй, тооцоо судалгаанууд гарч байж, бид түгжрэлээ шийднэ.
NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаяр: -Түгжрэлийг бууруулахаар эхлүүлсэн ямар ажил байна вэ. Дүүжин зам барина гэж байсан нь юу болсон бэ?
-Түгжрэлийг бууруулахаар ярьж байгаа зүйлүүд байгаа. Гэхдээ би попрох дургүй. Би судалгаа, шинжлэх ухаан, тооцоолол дээр суурилж хөдлөх дуртай. Мэдээж авах ёстой арга хэмжээнүүд байгаа. Болж байгаа зүйлүүдийг нь богино хугацаанд хийж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Өнөөдөр Засаг даргын үйл ажиллагааны үндсэн мөрийн хөтөлбөр гараад, хэрэгжээд явж байгаа. МАН 2020 онд орон нутгийн сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөрөө гаргаж, иргэддээ танилцуулсны үр дүнд бидэнд итгэл хүлээлгэж 34 суудал өгсөн. 34 суудал авсан эрх баригч нам Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхээр Засаг даргын мөрийн хөтөлбөртөө оруулж ирээд, хэрэгжүүлээд явж байгаа.
Аливаа асуудлыг шийдэхэд төсөв, санхүүгийн асуудал толгойны өвчин болж байна. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Урьд өмнөх Хотын дарга нарын хэн нь ч ийм цар тахлын хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаагүй. Манай удирдлагын баг хотын төсөв, санхүүг нэмэгдүүлэх тал дээр тал бүрээр анхаарч ажиллаж байгаа. Мэргэжлийн түвшинд шигшигдсэн, олон улсын түвшинд ажлын туршлагатай, хэлтэй устай, ажил, чиг үүрэг, мэргэжлүүдээ ойлгосон сайн хүмүүсээр багаа бүрдүүлсэн.
"Тэнгэрийн зам"-ын санхүүгийн асуудал шийдэгдээгүй. Хийх гэж байгаа хүмүүс нь концессоор хиймээр байна гэж орж ирсэн. Улаанбаатар хотын төвөөр, агаарт автомашины байгууламж барих нь хэр зохистой вэ? Би Улаанбаатар хотыг уран сайхны ансамбльтай, Зүүн Европын хотууд шиг байгаасай гэж боддог. Хот бол орчин үеийн өнгө шийдэлтэй, ногоон байгууламжтай, хүний амьдрах орчин бүрдсэн, бас дизайн, архитекторын хувьд дэлхийн хотуудын дайнд байх ёстой. Би ч ийм байгаасай гэж бодож, хүмүүстээ үүрэг, даалгавар, чиглэл өгөөд явж байгаа. Тэрнээс дүүжин зам, кабель кар түгжрэлийг шийдэхгүй шүү дээ.
Улаанбаатар хотын төсвөөс 110 тэрбум төгрөгийн татаасыг нийтийн тээвэрт өгдөг
Gogo.mn сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг: -Ажлаа аваад удаагүй таниас 10, 20 жил бугшсан нийтийн тээврийн асуудлыг өнөө маргаашгүй шийдэхийг хүсэх нь утгагүй. Гэхдээ нийслэлийн нийтийн тээврийг 2025 он гэхэд бүрэн шинэчилнэ гэсэн. Нийтийн тээврийг бүрэн шинэчлэхийн тулд олон их наяд төгрөг шаардлагатай. Гэтэл хотын төсөв нь маш бага байдаг. 2019 оны байдлаар Улаанбаатарт 1170 автобус 6000 гаруй хүнд үйлчилж байна. Эдгээр автобуснууд нь чанарын шаардлага хангадаггүй. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийе гэхээр дотооддоо үйлдвэрлэсэн цахилгаан автобусыг авна гээд ашиг, сонирхлын зөрчил үүсдэг. Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх ямар төлөвлөгөө байна вэ?
-Үндэсний үйлдвэрлэл нэртэй дампуу автобус авахгүй. Жилд Улаанбаатар хотын төсвөөс бараг 110 тэрбум төгрөгийн татаасыг нийтийн тээвэрт өгдөг. Тэгэхээр одоо цахилгаанаар, газаар, дизелиэр явдаг автобус нь хэдэн хувь байх вэ гэдгийг тооцож, зохицуулахгүй бол бүгд цахилгаан болчихдог, эрсдэл гарвал яах вэ. Бүгд дизель болчихвол зардал нь дийлдэхгүй.
Улаанбаатар хотод бид санхүүгийн нөөц бололцоо бий болгож, үүгээрээ нийтийн тээврийн шинэчлэлийг хийнэ. Хоёр давхар автобус, дан автобус оруулж ирье, дизелийг нь шинэчилье. Ийм зохицуулалттай нийтийн тээврийн шинэчлэлийг хийхээр, мөн 500-600 автобус авахаар судлах үүрэг, чиглэл өгчихсөн байгаа. 20 жилийн хугацаатай, 1.75, 2.25 хувийн хүүтэй санхүүгийн эх үүсвэр бидэнд хэрэгтэй. Би зээл авахаас айдаггүй. Зээл гэдэг бол үр ашигтай, хамгийн ил тод санхүүгийн мэдээ, тайлангаа гаргадаг зөв бүтэц. Зээлийг зориулалтын дагуу л зарцуулах ёстой. Хоёрдугаарт, санхүүгийн тооцооллуудыг нь сайн хийж өгөх хэрэгтэй. Хуулиудаа батлуулснаар хот өөрөө бие даасан эдийн засагтай болох суурь нөхцөл бүрдэнэ. Дотоодын санхүүгийн байгууллагуудтай яриа хэлцэл хийгээд явж байгаа. 250-500 сая ам.доллар хүртэлх эх үүсвэрийг гаднын ногоон төслүүдэд хамрагдахаар тооцож, төлөвлөж байгаа.
TV5 телевизийн Улс төр, мэдээллийн албаны дарга А.Болдсайхан: -Иргэдийн хувьд түгжрэлийг яаж хурдан шийдэх вэ гэдэг зүйлийг л асуудаг. Саяын судалгааг харж байхад зоригтой шийдвэр гаргаач ээ гэдэгт 76 хувь нь саналаа өгсөн байна шүү дээ. Хотын төвд байгаа захуудыг нүүлгэж болдоггүй юмуу. Тэгвэл түгжрэл эрс буурна. Энэ зоригтой шийдвэр юм биш үү?
-Ярихад амархан л даа. Санал тавихад ч амархан. Өнөөдөр захуудыг хотоос гаргана гэхээр тэнд олон мянган хүний ажлын байр байгаа. Орлогоо тасалдуулахгүй аваад явж байгаа иргэдээ тийшээ нүү, эсвэл ажиллуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг наадхаа зогсоо гэж болохгүй. Би бол ийм алхам хийхгүй. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудал заавал цаг хугацаа орно. Би буруу шийдвэр гаргавал гудамжинд явж байгаа иргэн Дорж гуайд маргааш шууд очиж буудаг. Тийм учраас бид маш сайн судалж, цаг хугацаагаа зөв тооцож байж шийдвэр гаргана. Иргэдийнхээ сэтгэл зүрх, ажил, амьдралыг нь дэмжсэн шийдвэрийг л хотын дарга гаргана. Хотын даргын үндсэн ажил бол энэ 1.5 сая иргэнийхээ талд байх. Яамны сайд салбарынхаа бодлогыг барьдаг бол Хотын дарга бол иргэдийнхээ талд нийцтэй байдлаар бодлогоо барьж явах ёстой. Зах, худалдааны төвийг гаргана гэдэг бол ярихад маш амархан. Хүнд бол их гоё сонсогдоно. Энийг хийхэд зардал, өртөг гарна, дээрээс нь ажлын байр, нөхөн олговрын асуудал яригдана.
Улаанбаатар хотын их тойрог буюу дөрөвдүгээр тойрог, гуравдугаар тойрог, хоёрдугаар тойрог, Сэлбийн хурдны зам, зам гүрэн байгууламжийг сайн хийчихээд хотын зах руугаа худалдааны төвүүдээ гаргах, дэд бүтэц, газрынх нь асуудлыг шийдэх байдлаар зохицуулалт хийнэ. Тэрнээс нүү гээд нүүлгэчихэж болохгүй. Шийдье гэдэг сэтгэл байгаа боловч суурь нөхцөл нь үнэндээ бас бага байна. Түгжрэлтэй холбоотой асуудлыг урт хугацаандаа, дунд хугацаандаа шийднэ. Нүхэн гарцуудыг хийнэ, нийтийн тээврээ шинэчилнэ. Ковид гайгүй болчихвол татвар, мөнгөтэй холбоотой зохицуулалтыг оруулж ирэхээр санал асуулгыг иргэдээс авна. Ер нь Улаанбаатар хотын иргэд өөрсдөө орлоготой байх ёстой. Татвар төлж байгаа улсууд бол заавал орлоготой байх ёстой. Хотын иргэд буузаа, баншаа, гамбираа, боорцгоо, шөлөө хийнэ үү хамаагүй, хамгийн гол нь эрүүл, аюулгүй байдлаа хангасан байх ёстой. Бусад дүрэм, журам, захиргааны хүнд дарамтыг арилгана. Мэргэжлийн хяналт бол зөвлөн туслах үйлчилгээгээ үзүүлнэ. Хянаад, шалгаад л, цуцлаад, торгоод явдаг юм байхгүй. Хүнд суртлыг байхгүй болгоно. Улаанбаатар хотын иргэд бол хөдөлмөрлөх шуналтай иргэд байгаасай. Улаанбаатар хотын иргэн болгон хөдөлмөрлөөсэй, өөрсдийн бизнесээ хийгээсэй. Үүнийг хотын даргын хувьд дэмжиж ажиллана. Зүүн Өмнөд Азийн хотууд, Хятадын хотуудын иргэд бүгд тийм байдаг шүү дээ. Гэтэл манайхан хаагаад, хориод хаячихдаг, зөвшөөрөл нэрээр дарамталдаг. Хүний хүсэл мөрөөдөл, хөдөлмөр хийх бүх зүйлийг нь байхгүй болгодог. Тийм учраас төрийн зүгээс татварын маш хөнгөлөлттэй бодлого эхнээс нь явуулъя. Үйлчилгээ нь, тэр бизнес нь босоод ирсний дараагаар татварын бодлогоо үе шаттайгаар хэрэгжүүлье.
Яармагийн хөндийгөөс дэлхийд Монголын старт-ап компаниуд гараасай
News.mn сайтын ерөнхий редактор Ш.Оюунчимэг: -Хотын захиргааг нүүлгэнэ гэж байгаа нь хэр бодитой шийдвэр вэ?
-Би хотын захиргааг нүүлгэхгүй гэж бодож байгаа. Яагаад тэнд Эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын залуучуудын инновацын төв, Шинжлэх ухааны хүрээлэнгүүд байж болохгүй гэж. Би залуучуудаа, старт-ап компаниудыг дэмжиж, Монголын залуучуудын инновацын төв болгож, тэнд залуучууд цугласан, өөрсдийнхөө мэдлэг, чадвараа хөгжүүлж, дэлхийн хөгжилтэй уралдсан байдлаар хөгжөөсэй гэж хүсэж байна. АНУ-ын цахиурын хөндий гэдэг шиг Яармагийн хөндийгөөс дэлхийд Монголын старт-ап компаниуд, Монголын технологиуд гараасай л гэж бодож байна.
UBS телевизийн Мэдээний албаны дарга Х.Жавзмаа: Яармагт амьдардаг хүн хүүхдээ сургуульд өгөхийн тулд гуравдугаар хороололд ирж байна. Орой нь эргүүлээд аваад явдаг. Үүний цаана замын түгжрэлээс гадна сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байна. Сургууль, цэцэрлэг жил бүр барьдаг боловч хүртээмж нь хангалтгүй байдаг. Тэгэхээр замын түгжрэлд давхар бүтээн байгуулалт нөлөөлж байна шүү дээ?
-Жилийн дотор энэ хуримтлагдсан асуудлуудыг шийднэ гэж худлаа ярьж болохгүй. Миний нэг суурь зарчим бол худлаа ярихгүй, хулгай хийхгүй. Бас нөхдөөсөө, иргэдээсээ урвахгүй, шарвахгүй, энэ ажлыг хийгээд дуусгана гэсэн бодолтой л байгаа. Тийм учраас тооцоо, судалгаа зайлшгүй хэрэгтэй. Хотын захиргааны өдөр тутмын ачаалал бол аль ч яамтай харьцуулшгүй их. 6-7 яамны ажлыг нийслэлийн захиргааны бүтэц, зохион байгуулалт буюу 34 агентлаг, 103 харьяа байгууллагуудын 35 мянган төрийн албан хаагчид хийж байгаа.
Асуудлуудыг шийдэхийн тулд миний баримталж байгаа бодлого бол ерөөсөө л санхүү, мөнгөний эх үүсвэрийг нэмэгдүүлэх. Үүний араас сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтүүд, хот төлөвлөлтийг стандартад нь оруулах. Иргэдийг бухимдуулахгүй байх бол засаглалын реформ. Тэгэхээр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа батлуулчихвал хамгийн түрүүнд засаглалын реформ, бүтцийн өөрчлөлт, араас нь эдийн засаг, санхүүгийн реформ залгана.
Gogo.mn сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг: -Дунд сургуулийн хөтөлбөрт жолооны курсийн хөтөлбөрийг оруулаад, одоо үйл ажиллагаа явуулж байгаа жолооны курсүүдийг эрхээ хасуулсан хүмүүсийг дахин сургалтад хамруулах байдлаар зохицуулж болох уу. Хоёрдугаарт, Улаанбаатар хот машинаар дүүрчихсэн, явган хүнд аюултай болсон. 2019 оны байдлаар Улаанбаатар хотод 84.7 км дугуйн зам байна. Дугуйн болон явган зам хангалттай биш байна шүү дээ. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Би бол үүн дээр шийдэл байгаа гэж харж байгаа. Айхтар мөнгө төгрөг зараад байхгүй л шийдэх ёстой. Хоёрдугаарт, ажил хийж байгаа, гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, компаниудтай нь бас уулзалт зохион байгуулна гэж бодож байгаа. Төрийн ордны хоёр талын замын уулзваруудыг хараарай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэлтгүйгээр настай хүн, хөл муутай хүн явахад хэцүү. Улаанбаатар хот бол иргэндээ ээлтэй, аюулгүй байх ёстой. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байх ёстой. Ардчиллын суурь зарчмыг бид цаашдаа бодлоготойгоор барьж ажиллана. Хүний эрх зөрчигдөж байгаа асуудал зөндөө байгаа шүү дээ. Үүн дээр бодлоготойгоор ажиллахаар бэлдэж байгаа. Барилгын зөвшөөрөл аваад төлөвлөлт хийх гэж байгаа бол замынхаа урсгал орох, гарах гарцуудыг хийе. Хоёрдугаарт, явган хүнийхээ замаа, тохижилт, үйлчилгээгээ хүрээлэн байгаа орчин, иргэдийн амьдралын чанарт нийцсэн байдлаар хийгээрэй гэдэг чиглэл өгнө. Тэд үүргээ хүлээж, барилга барих гэж байгаа бол хүнд тааруулсан нөхцөлөөр ажиллах ёстой. Тэрнээс тэдний мөнгөнд таарсан байдлаар зохицож ажиллаж болохгүй шүү дээ. Өнгөрсөн хэдэн жилүүд тэгж явлаа шүү дээ. Метр квадратаа нэмдэг, хашаагаа хатгаад, эргэн тойрны зорчих хөдөлгөөн, явган хүний замаа хаачихдаг. Яг ийм үзэгдэл 15 жилийн хугацаанд газар авсан. Үүнийг засаж сайжруулах, зөв болгох хэрэгтэй. Ер нь стандарт тогтоох ёстой. Улаанбаатар хот стандартгүй байна.
Метро бол үндэсний хэмжээний том бүтээн байгуулалт
TV5 телевизийн Улс төр, мэдээллийн албаны дарга А.Болдсайхан: -Одоо метро гэхээр онигоо ярьж байгаа юм шиг сонсогддог болчихож. Метрог хэзээ, яаж барих вэ. Тийм боломж ер нь бий юү?
-Метроны асуудлаар япончуудтай, Хятадын компаниудтай, бүр солонгосчуудтай уулзсан. Хамгийн мэргэжлийн түвшинд явж байгаа нь ЖАЙКА юм билээ. ЖАЙКА-гийнхан Улаанбаатар хотод метро бариад ашиггүй гэдэг зүйл хэлээд байгаа. Ашигтай, ашиггүй нь хамаагүй. Улаанбаатар хотын энэ газар доорх инженерийн дэд бүтэц, хангамжийн гол шугамуудыг шинэчлэх цаг нь болсон. Улаанбаатар хотын шугамуудыг хурдан, шуурхай засдаг зохицуулалтыг хийж байж, энэ хотын аюулгүй байдал үндсээрээ хангагдана шүү дээ. Тэгэхээр асар их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Гурав, дөрөв, таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ч шаардлагатай байж магадгүй. Хонгилын системтэй хот болно гэвэл метро байгуулах, тэрийг дагасан дэд бүтцийнхээ асуудлуудыг давхар шийдэх төрийн бодлого явж байгаа.
Давхар автобусыг ойрын хугацаанд бас оруулж ирнэ. Ер нь парк шинэчлэлтийг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж, тооцож байгаа. LRT буюу хөнгөн галт тэрэг бол Улаанбаатар хотод хамгийн боломжтой хувилбар. Хэрэгжүүлэхэд хялбар, шуурхай, богино хугацаанд хийх төслүүдийн нэг. Метро барихад 6-7 жил зайлшгүй шаардлагатай. Нэг шугам барих уу, хоёр шугам огтлолцож явах уу гэдгээс хөрөнгө оруулалтын асуудал яригдана, хугацаа шаардана. 2-3 тэрбум ам.доллар яригдана. Метро бол үндэсний хэмжээний том бүтээн байгуулалт. Тийм учраас улсын эдийн засаг өөрөө хүчтэй байх ёстой. Улсын эдийн засаг хүчтэй байж бид энэ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чадалтай болно.
MN25 телевизийн сэтгүүлч Б.Даваахүү: - Ажил эхлэл цагийг урагшуулснаар түгжрэл тодорхой хэмжээгээр буурсан гэдэг зүйл яригдаж байсан. Ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх бодлогод төрийн албан хаагчдын ажлын цагийн зохицуулалт байгаа юу?
-Төрийн байгууллага өглөө эрт ажлаа эхэлнэ. Дагаад л хувийн хэвшлийнхэн ажлаа эрт эхэлнэ. Ялгаа гарахгүй.
Gogo.mn сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг: -Улаанбаатар хот дотроо төвлөрчихсөн. Тэгэхээр энэ доторх төвлөрлийг хэрхэн задлах вэ?
-Дэд төвүүд байна. Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төв, Дэнжийн мянга дэд төв, Улиастай, Толгойт дэд төв гээд явж байгаа шүү дээ. Баянхошуу дэд төвд тэр бүтээн байгуулалт, дэд бүтцийн шугам бүгд хийгдчихсэн. Баянхошуунд хотын төвд байхгүй замын уулзварууд байгаа. Нэгдсэн төлөвлөлтийг нь хийх гэж байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр болон "Залуус 1, 2" орон сууцны хөтөлбөрийн хүрээнд нэг хэсгийг нь хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа. Тэгээд тэр хорооллыг дагаад кино театр, ахуй үйлчилгээ, фитнесс, спорт заал гээд яг Улаанбаатар хотын төвд байдаг үйлчилгээний стандарт Баянхошуунд байх ёстой. Наашаа ирэх ямар ч шаардлага байхгүй. Ерөөсөө хотын төвөөс ялгарахгүй орчныг тэнд нь бий болгочихмоор байгаа юм. Мөн Налайхын хурдны зам шиг хотыг тойрсон зам барина. Энэ зам ашиглалтад орохоор Улаанбаатар хотын төвөөр явах автомашины хөдөлгөөн 25-30 хувьтай шимэгдэнэ. Мөн хөдөө орон нутгаас тээвэр хийж байгаа том машинууд болон хотоор дайран өнгөрч байгаа хүмүүс заавал хотын төвөөр явж, бөглөрөөд байхгүй, хотын хоёр талаар тойрч өнгөрнө.
Gogo.mn сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг: -Улаанбаатар хотыг цахимжуулна гэлээ. Такси үйлчилгээг орчин цагийн технологийн хөгжилтэй яаж уяж болох вэ?
-Төсөл нь явж байгаа. Такси үйлчилгээнд явж байгаа иргэдийг бүгдийг нь хамруулж, стандарт, аюулгүй байдлыг нь тогтооно. Гол нь дээд зэргийн цэвэрхэн, тохь тухтай байх ёстой. Тэрийг тэр үйлчилгээнд явж байгаа жолооч өөрөө бүрэн хариуцна. Тэнд өмхий үнэртэж болохгүй, бохир заваан байж болохгүй, аюулгүйн шаардлагад нийцээгүй техникийн хэрэгслээр үйлчилж болохгүй. Тэр төсөл, хөтөлбөрт хамруулахад бараг бэлэн болсон.
UBS телевизийн Мэдээний албаны дарга Х.Жавзмаа: -Хотын асуудал ярингуут л хотоос гаргая гэдэг зүйл яригддаг. Хот тойрсон хөгжил байхгүй учраас тэр болгон гаргах боломжгүй л харагдаад байгаа юм.
-Дагуул хоттойгоор хөгжлийн ирээдүйг харж байгаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль бол хотын шинэтгэлийг авчрах гол тулгуур. Энэ хуулиуд гараад ирэхээр өнөөдөр засаглалын хувьд ч өөр болно. Статусын хувьд бол хотын дарга өөр болно шүү дээ. Тэгж байж энэ бодлого, шийдлийн асуудлууд дээр өөрийн өнгө аястай, хотын иргэдийг төлөөлж дуугарахгүй бол одоо энэ хот чинь маш олон оролцогч талуудтай болчихоод байгаа юм. Оролцохгүй яам байхгүй. Бүх яамд оролцоно. Соёлын төв өргөөг Соёлын яам авна гээд л. 1.5 сая хүнтэй хот Соёлын төв өргөөгүй байна гээд бодоод үз дээ.
TV5 телевизийн Улс төр, мэдээллийн албаны дарга А.Болдсайхан:-Түгжрэл арилахгүй байгаагийн хамгийн том шалтгаан нь улс төрийн нөхцөл байдал. Жишээ нь, дөрвөн жилийн дараа та солигдлоо гэхэд Сумъяабазарын хийсэн энэ зүйл буруу, ингэж хийнэ гээд дахиад л шинээр эхэлдэг шүү дээ?
-Аль ч нам ялсан, хэн ч гарч ирсэн өмнөх улсуудынхаа залгамж чанарыг цааш нь үргэлжлүүлж явах ёстой. Жишээ нь, Бат-Үүл баатрын "Найрсаг Улаанбаатар"-ыг үргэлжлүүлнэ, төгс болгоно. Гэр хорооллыг барилгажуулах төслийг эхлүүлсэн нь, мөн IT нь зөв байсан ч гүйцэтгэл дээрээ алдчихсан. Зөв зүйтэй ажлуудыг манай баг залгамж чанараар нь үргэлжлүүлээд, дэмжээд, засаад ажиллана. Тэгж байж бид хугацаа хожно, хөрөнгө мөнгөө хэмнэнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС