Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүний эрх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар ярилцав. Хүний эрхийг хамгаалах, ялангуяа хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах явцад эрүүдэн шүүдэг, хүчээр хэрэг хүлээлгэдэг байж таарахгүйг Ерөнхий сайд онцлов. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэж 30 жил бэлгэ тэмдэг байдлаар ярьж ирснийг одоо үндсэн агуулгаар нь ойлгож, ажиллах цаг болсон гэж үздэгээ хэлэв. Мөн эрүүдэн шүүх болон Засгийн газартай хэрхэн хамтран ажиллах байр суурийг нь сонслоо.
ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид: Бид жилдээ 700 орчим гомдол, өргөдөл хүлээн авдаг. Дийлэнх нь ажлаас хууль бусаар халагдсан, ажлаа өг гэсэн дарамт шахалтад орсон, ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөнтөй холбоотой байдаг. Ойрын хугацаанд “Ковид ба цар тахлын үед хүний эрх” гэсэн илтгэлээ гаргана. Хүүхдүүд авто болон ахуйн осолд өртөх, эцэг, эх, асран хамгаалагчийн үл хайхрах байдал, сурах эрх нь хязгаарлагдах зэргээр эрх нь зөрчигдөх, аливаа иргэн эрүү шүүлтээс ангид байх чиглэлээр тууштай ажиллана. Засгийн газар ямарваа нэг шийдвэр гаргахдаа хүний эрх талаас нь давхар тооцоолдог байх шаардлагатай. Албан болон албан бус боловсролын тогтолцоог дэмжиж сайжруулах хэрэгтэй. Төрийн албан хаагчдыг хүний эрхийн мэдрэмжтэй байхыг шаардах зэргээр хандлагыг нь өөрчлөх цаг болсон. Олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт, салбар хоорондын уялдаа холбоог хангадаг бүтэц ажиллуулах саналтай байна.
Гишүүн Б.Энхболд: Хүний эрхийн үндэсний комисс 19 удаа илтгэл гаргасны 13-т нь эрүүдэн шүүлт байна гэж дүгнэн УИХ-д танилцуулсан. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм бий болгох зэрэг УИХ-аас гаргасан тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна. Т.Чимгээг эрүүдэн шүүсэн гэдгийг шүүх эцэслэн тогтоовол олон улсын байгууллагад хандах боломжтой. Хэргийг нь богино хугацаанд шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Бид энэ сарын эхээр 401 дүгээр хаалттай хорих ангид ажилласан. Хүний эрхийн үндэсний комисс эрүүдэн шүүлтийг хэзээ ч зөвтгөхгүй.
Гишүүн Х.Мөнхзул: Жендэрийн эрх тэгш байдал орон нутаг, улс төр, хөдөлмөрийн зах зээлд хангалтгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байгаа нь хувь хүний хандлагатай холбоотой. Энэ чиглэлээр Засгийн газар хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.
Гишүүн Г.Нарантуяа: Хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хүний эрхийн нөлөөллийн үнэлгээг тусгаж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж байх шаардлагатай. E-Mongolia төслийн хүрээнд хувийн нууцтай холбоотой асуудлыг анхаарах гэх мэтийг дурдаж болно. Хүний эрхийн үндэсний комисс шүүхийн шатанд яваа хэрэгт хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх боломжгүй нь хүндрэл учруулдаг. Гэхдээ эрүүдэн шүүлтийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хэргийг сар, жилээр сунжруулдаг байдлыг арилгах ёстой. Цар тахлын үед авч байгаа арга хэмжээ, гаргаж байгаа шийдвэр хүний эрх зөрчихөөс сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисстой идэвхтэй хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсье.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийн саналыг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэв. Улсын болон Нийслэлийн онцгой комисстой хамтарч ажиллахыг дэмжинэ гэлээ. “Шүүхийн байгууллагад хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй. Гэхдээ иргэд хэргээ шударга шүүхээр шийдүүлэх эрхтэй. Эрүүдэн шүүсэн нь ойлгомжтой байхад Хүний эрхийн үндэсний комисс чимээгүй байх нь эс үйлдэл. Хэн ч дуугарахгүй бол хууль бус байдлыг засч чадахгүй. Засгийн газар хүний эрхийг дээдлэх чиглэлээр та бүхэнтэй нягт хамтран ажиллана” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.