Тус гэрчилгээг коронавирусний вакцин хийлгэсэн хүмүүст төдийгүй коронавирусээр халдварлаж байсан, шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдэд олгоно. Энэхүү бичиг баримт нь цар тахал албан ёсоор дуусах хүртэл үйлчлэх аж.
Европын Комисс “ковид-паспорт” төслөө лхагва гарагт танилцуулсан бөгөөд одоогоор ЕХ-ноос бусад улсад олгогдсон гэрчилгээ болон ЕХ-нд зөвшөөрөгдөөгүй вакцинаар тариулсныг батлах баримт бичгүүдийг хүлээж авах боломжийг судалж байгаа аж.
Гэрчилгээ ямар байх вэ?
Энэхүү бичиг баримт нь вакцинжуулалтад хамрагдсан, халдвар авсан, эсрэг биет илэрсэн болон халдвар аваагүй, вакцин хийлгээгүй хүмүүсийн шинжилгээний хариуны талаарх мэдээллийг агуулах аж.
"Аялагчдад заавал вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлагатай гэсэн нөхцөл болзлыг тавихгүй. ЕХ-ны бүх иргэн холбооны нутаг дэвсгэрээр чөлөөтэй зорчих үндсэн эрхтэй бөгөөд энэ зарчим ЕХ-ноос бусад орны иргэд ч мөн хамааралтай" хэмээн ЕК онцлон тэмдэглэжээ.
“El Pais” сонины мэдээлснээр, гэрчилгээг цахим болон цаасан хэлбэрээр үнэгүй олгох бөгөөд хуурамч бичиг баримтыг тусгай штрих-кодоор шалгаж магадгүй байна.
Түүнчлэн тус бичиг баримтад паспорт эзэмшигчийн хэзээ, хаана, хэдэн тун вакцин хийлгэсэн тухай мэдээллээс гадна вакцинаар талаарх мэдээллийг тусгасан байх аж. Мэдээллийг англи болон тухайн иргэний эх хэлээр гаргасан байх юм байна.
Бусад вакцин хийгээд бусад орны гэрчилгээг хүлээн зөвшөөрөх асуудал
ЕХ-ны бүрэлдэхүүнд багтдаггүй улс орнуудад олгогдох вакцинжуулалтын гэрчилгээг хүлээн зөвшөөрөх боломжийг ЕК хэлэлцэж байгаа хэдий ч одоогоор энэ талаар нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Үүнээс гадна ЕХ-нд хэрэглэгдэх зөвшөөрөл аваагүй вакцинаар тариулсныг нотлох бичиг баримтуудыг хүлээн зөвшөөрөх асуудал комисст яригдаж байна. Тухайлбал, Оросын "Спутник V" вакцинд Европын эмийн агентлаг хэрэглэх зөвшөөрөл олгоогүй хэдий ч тус вакциныг Унгар болон Словакт бүртгэжээ. Оросын вакцины чанарт эргэлзэх үндэслэл байхгүй гэдгийг ЕК сануулан дурдсан байна.
Паспортын хүчинтэй хугацаа
ЕХ-ны эрх баригчид гэрчилгээг 6 дугаар сарын дундуур нэвтрүүлнэ гэж тооцоолж байна. Цар тахал дууссан тухай ДЭМБ зарлах үед паспорт хүчингүй болно гэж Хууль зүйн асуудал, шударга ёсны хэрэгжилт хариуцсан Европын комиссар Дидье Рейндерс мэдэгджээ.