Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын албан хаагчидтай хуралдлаа. Энэ үеэр “Бид Монголд үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Онцгой комиссын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын 200 хувцас хандивлаж, Хотын даргад гардуулж өгсөн юм. Г.Майцэцэг "Цар тахлаас хамгаалах, салхи нэвтэрдэггүй, гадаргууд вирус тогтдоггүй тусгай зориулалтын хувцсыг өнгөрсөн 2020 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд дэлхийн стандартаар хийсэн" гэж байлаа. Тиймээс цар тахлын онцгой нөхцөлд ажиллаж байгаа цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын ажилчдад тусгай зориулалтын хувцсыг хандивлаж байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн тус хамгаалалтын хувцсыг үйлдвэрээс гарах үед Нийслэлийн Онцгой комисс анх худалдан авч байсан учраас өнөөдөр Цэргийн баярыг тохиолдуулан талархлаа илэрхийлж хандив өгч байгаа гэлээ.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар талархлаа илэрхийлээд “Төрийн зүгээс дотоодын худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Хувийн хэвшлээ бид цаашид ч дэмжинэ. Улаанбаатар хот авлига, хээл хахуульгүй, хүнд сурталгүй байдлаар ирэх жилүүдэд ажиллана. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өндөр хэмжээнд гаргана” гэлээ.
Тэрбээр мөн “Улаанбаатар хотын удирдлагын үүд хаалга ямар ч цаг үед хувийн хэвшилдээ нээлттэй байна” гэдгийг энэ үеэр онцолсон юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС