“Монголын төр, монгол хүн аюулд учраад байна”, “Авлигалчдад ард түмэн дарлуулах ёстой юу” гэх мэт уриа лоозон, хариулт нэхсэн асуулт бүхий уриалга барьсан 3000 гаруй иргэн өнгөрсөн баасан гарагт Сүхбаатарын талбайд цуглаж, тайван замаар үзэл бодлоо илэрхийллээ.
“Монгол Улсын төлөө зүтгэе” уриатай уг жагсаалыг Монголын Ардчилсан Холбооноос зохион байгуулжээ. Энэ ч утгаараа жагсаалд оролцогчдын дийлэнх нь одоогоос 31 жилийн өмнө хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шинэчлэлийн төлөө үг, үйлдлээ нэгтгэж явсан МоАХ-ны ахмад гишүүд байлаа. Тэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний гишүүд болон төрийн түшээдэд мэдэгдэл хүргэх зорилгоор уг ажиллагаанд нэгдэж байгаагаа илэрхийлсэн. Учир нь, “УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын шийдвэр гаргахаас удаа дараа санаатай зайлсхийлээ” хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал, дээр нэр дурдсан албан тушаалтнууд ҮАБЗ-ийн хуралдаанд оролцохгүй байгаа нь цаагуураа гадны захиалга, улс төрийн явцуу зорилготой байж магадгүй гэж хардаж байгаагаа илэрхийлэв. Тиймээс төрийн үйл ажиллагааны хийдлийг арилгах, цар тахлаас үүдэлтэй сөрөг нөлөөллүүдийг бууруулах, гадаад өрүүдийг тэглэх, Оюутолгой, Хармагтайн ордын ашиглалтын талаар нэгдмэл байр суурьт хүрэх зэрэг тулгамдсан асуудлуудыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийн чухлыг эрх баригчдад албан ёсоор сэрэмжлүүлэн сануулсан юм.
Түүнчлэн үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн үүрэг оролцоог дээшлүүлэх, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг улс төрөөс ангид байлгах, хариуцлагыг чангатгах шаардлагатай байгаа талаар ч давхар хэлж, сануулж байлаа.