Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулж буй байгууллагуудын тэргүүн нар энэ зун болох наадмыг коронавирусний цар тахлын улмаас гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
“Зохион байгуулагчдын эн тэргүүний зорилт бол наадамд оролцогчид, Японы ард түмний аюулгүй байдлыг хангах явдал юм” гэж Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах өнөөдөр болсон цахим уулзалтын үеэр мэдэгджээ.
Цахим уулзалтад Т.Бах, Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко, Олон улсын паралимпын хорооны тэргүүн Эндрю Парсонс, Токио хотын захирагч Койкэ Юрико, Японы Олимпын сайд Марүкава Тамаё нар оролцжээ.
Токиогийн Олимпыг зохион байгуулах хороо дотооддоо явуулсан сугалаагаар 4.45 сая орчим тасалбарыг худалдаалсан боловч өнгөрсөн онд 810 мянга гаруй хүн тасалбараа буцаах хүсэлт гаргажээ. Мөн хилийн чанадад нэг сая орчим тасалбар зарагдсан гэж үзэж байгаа ажээ.
Олимпыг зохион байгуулагчид тэмцээн болох газруудын суудал дүүргэлтийн талаарх шийдвэрийг ирэх дөрөвдүгээр сард гаргахаар төлөвлөж байна. Цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан “Токио-2020” Олимпын бамбарын буухиа ирэх долоо хоногийн пүрэв гаргаас Фүкүшима мужаас эхлэх юм.
Японы Олимпын хороо наадмын тасалбар худалдан авсан гадаадын үзэгчдэд төлбөрийг нь буцаан олгоно гэдгээ мэдээлсэн байна.