"Оюу толгой" компаниас ойрын хугацаанд баяжмалын тээврийг сэргээх, бүх ажилчнаа вакцинжуулах, ээлж солих болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2019 оны нөөцийн тодотголын тайлантай холбогдуулан гаргасан зөвлөмжид шуурхай хариулт өгнө гэв. Учир нь "Оюу толгой"-д COVID-19 илэрсэн тул Хятадын тал нүүрс болон баяжмал тээвэрлэлтийг бууруулсан аж.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой цахим уулзалт хийлээ. Оюу толгойн уурхайд коронавирусний 2 тохиолдол гарсантай холбоотойгоор компани шуурхай арга хэмжээ авчээ. Үүнд:
- хөдөлгөөнийг түр зогсоож,
- гүний уурхайн 3500 гаруй ажилчдыг тусгаарлан ойрын хавьтлуудыг тогтоох,
- уурхайн нийт ажилчдад шинжилгээ хийх,
- ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж баяжмал тээвэрлэгч 200 гаруй тээврийн жолооч нарыг вакцинжуулалтад хамруулан хамгаалалтын хэрэгслээр бүрэн хангасан.
- Мөн Улаанбаатар, Даланзадгад, Манлай, Баян-Овоо, Ханбогд зэрэг 5 газарт PCR шинжилгээний төвийг байгуулж уурхайн ажилчдын ээлжийг 7/14 байсныг 14/28 болгон өөрчилсөн.
- Түүнчлэн БНХАУ руу тээвэрлэх баяжмалын тээврийг эхлүүлэх асуудлаар Баяннуур аймгийн удирдлагуудтай уулзаж тэдний зүгээс тавьсан шаардлага, болзлын дагуу ажиллаж байгааг тэрээр хэллээ.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон Гашуунсухайт боомт дээр үүсээд байгаа асуудлаар БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтэй холбогдож нөхцөл байдлын талаар ярилцсан бөгөөд Хятадын тал Оюу толгойд коронавирус илэрсэнтэй холбоотойгоор нүүрс болон баяжмал тээвэрлэлтийн машины тоог бууруулжээ.