Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг Тбилисийн их дуулга Гүрж улсын нийслэлд эхэлсэн. Энэ удаагийн тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ багаас 9 эрэгтэй, 4 эмэгтэй нийт 13 тамирчин оролцож байна. Тэмцээний эхний өдөр Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ иж бүрэн медальт Мөнхбатын Уранцэцэг алтан медаль хүртсэнээр дараалан хоёр тэмцээнд түрүүлж, чансаагаа 1000 оноогоор нэмж, Японы Фүна Тонакиг гүйцэж гуравдугаар байр руу дэвшихээр боллоо.