Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлаар элэгний В, С вирустэй хүмүүс вакцин хийлгэж болно гэдгийг мэдээллээ.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:
"Элэгний В, С вирустэй, чихрийн шижинтэй хүмүүс маш их эргэлзэж байна. Энгийнээр ойлговол В, С вирустэй ч та вакцин хийлгэж болно. Хэрвээ вакцин хийлгэсэн бол танд аюулгүй, ямар нэг сөрөг зүйл байхгүй гэж эмч нар зөвлөж байгаа. Харин архаг өвчтэй, ХӨСҮТ-д хяналтад байгаа хүмүүст эмч нь зөвлөж байна. Тиймээс та бүхэн айх айдаст автахгүй байж болно гэдгийг ЭМЯ-наас албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.
Вакцинд эсрэг заалт болон анхааруулга гэсэн хоёр заалт бий.
Эсрэг заалтад:
- харшлын өгүүлэмжтэй,
- өмнө нь вакцины урвал үзүүлж байсан,
- цочмог халдварт өвчтэй,
- сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан,
- мэдрэлийн үрэвслийн хамшинжийн өвчтэй,
- жирэмсэн,
- өмнө нь ямар нэгэн вакцин хийлгэхэд хүнд хэлбэрийн урвал өгч байсан хүнд тухайн вакциныг огт хийж болохгүй гэсэн эсрэг заалттай.
Цочмог халдварт өвчин гэдэг нь яг одоо цочмогоор илэрч байгааг хэлнэ. Жишээ нь В, С, Дельта вирус монголчуудад элбэг байдаг. Ихэнх нь архаг хэлбэртэй, тухайн өвчин нь архагшсан, цочмог хэлбэрийн хүмүүс ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлдэг. Цочмог хэлбэрийн халдварт өвчтэй хүмүүс хийлгэж болохгүй гэсэн заалттай.
Харин анхааруулга заалт гэдэг нь тухайн эмчээс асуугаад, үзлэгийн явцад вакцин хийлгэж болох болохгүй эсэхийг хэлж өгдөг.
Анхааруулга заалтад
- дархлааны дутмагшилтай,
- гормон эмчилгээтэй,
- дархлааны дарангуйлах болон дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа,
- цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа,
- архаг өвчний сэдрэлтийн үед байгаа,
- коронавируст өвчнөөр өвдсөн хүмүүс,
- бусад вакцинтай нэг өдөр хийлгэж болохгүй.