Сүхбаатар аймагт Covid-19 халдварын тохиолдол батлагдсантай холбоотойгоор өнөөдрөөс /2021.03.30/ ирэх сарын 05-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосон байна.
Аймгийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн захирамжаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор 23 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаа хэвийн болон тусгай горимоор ажиллахаар болсон байна. Харин бусад төрийн байгууллагыг нийт ажилчдын 10-аас дээшгүй хувийг ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийх хугацаанд аймгийн эргэн тойронд 11 пост ажиллах бөгөөд, дотор томоохон уулзварууд дээр мэргэжлийн байгууллагын алба хаагчид хяналт тавин ажиллаж байгаа талаар тус аймгийн шуурхай штабаас мэдээллээ.
Одоогоор батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 112, дам хавьтлын 600 орчим иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Эдгээрээс 37 иргэн тусгаарлан ажиглах байранд байна. Шуурхай штаб болон холбогдох байгууллагууд халдварын тархалтыг зогсоохоор шуурхай ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хүнсний дэлгүүр, эмийн сан, цахим банк зэрэг үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж байгаа болохыг тус аймгийн шуурхай штаб мэдээллээ.