Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийтийн тээврийн үйлчилгээ нь хувийн автомашинаар зорчихоос илүү тухтай байх ёстой. Ихэнх автобусыг халуун орноос авчирдаг тул халаагч байдаггүй. Түүнийг нь Монголдоо хийдэг ч хоёр жил болоод эвдэрчихдэг. Хүмүүс өвлийн цагт автобусанд суухаас айдаг. Өвлийн цаг хүйтэн автобусанд суух ямар олигтой байх вэ. Дараагийн удаад парк шинэчлэл хийхдээ үүнд анхаарах хэрэгтэй. Мөн автобусуудад халуун хэмжигч байршуулах нь зүйтэй.
Түгжрэлийг зөвхөн Улаанбаатар хотод даатгаж орхиж болохгүй. Бүгд хамтарч байгаад зохицуулалт хийе. Бүх талаар нь судалж, төлөвлөж хийсэн шиг хийе.
Нийтийн тээврийн автобусууд нь жуулчдын суудаг автобус шиг байх хэрэгтэй. Жолооч нь дүрэмт хувцастай, ороход гоё үнэртэй, суухад тухтай байх учиртай юм. Түүнчлэн автобусны буудлуудыг стандарт тогтоон тохижуулах нь зөв. Хүн олноор цугладаг тул автобусны буудалд зах зээлд үүсэх боломжтой” гэлээ.