Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа.
- Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт (Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах )
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 (Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна. Өмнө нь олонхийн дэмжлэг авч чадаагүй нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох буюу дахин нэр дэвшүүлэхийг хориглоно. )
- Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч нь гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэх тохиолдолд түүнийг Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасны дагуу томилж, эгүүлэн татна ) тус тус үндэслэн зарлигийг гаргасан гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж, холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллахыг хүссэн байна.
Ерөнхийлөгч гуравдугаар сарын 9-ний өдөр Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг УИХ-д өргөн барьсан бөгөөд гуравдугаар сарын 18-ны өдөр болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар эгүүлэн татах үндэслэлгүй хэмээн үзээд байсан юм.
Ерөнхийлөгчийн тухай хуульд хуульд нийцсэн зарлигийг бүх нийтээр дагаж мөрдөхөөр тусгасан бөгөөд хэрэв зарлиг хуульд нийцээгүй бол УИХ хүчингүй болгоно гэж заажээ.