ШӨХТГ-т ирүүлж буй гомдлын нэлээдгүй хувийг барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын хүүтэй холбоотой асуудал эзэлж байна. Зарим ломбард зээлийн хүүгээ 3 хувиар биш 7 хувиар олгодог асуудал гарсаар байна. Энэ нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14.1 дүгээр зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна.
Тухайлбал, тус хуулийг зөрчсөн нь хяналт, шалгалтаар тогтоогдсон “Бан Бан” ХХК-д сануулга өгсөн ч удаа дараа дээрх үйлдлийг гаргажээ. Эдийн засаг хүндрэлтэй байгаа тул хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж, холбогдох журмыг мөрдөж ажиллах нь иргэдэд ч хүндрэл үүсгэхгүй юм.
Иймд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиуд болон Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 5274:2017 стандартын хэрэгжилтийг хангах хүрээнд үйл ажиллагаандаа дараах зөвлөмжийг тусгаж ажиллахыг анхааруулж байна.
Үүнд:
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 5274:2017 стандарт”-ын хэрэгжилтийг тус тус хангаж ажиллах;
- “Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн 14.1 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын гурван хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцохоор гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн, зээлдэгчид мэдэгдэх ажлыг шуурхай зохион байгуулах чухал.
Цар тахлын онцгой үед хууль тогтоомж, тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс иргэд, хэрэглэгчдийг хохироосон тохиолдолд холбогдох арга хэмжээг авч, хариуцлага тооцохыг анхаарууллаа.
Эх сурвалж: ШӨХТГ