Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын мэдээллийг Сангийн яам долоо хоног бүр олон нийтэд танилцуулж байгаа юм.
Дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөний хэрэгжилт, түүн дотроо ажлын байр дэмжих зээл олголтын явцын талаарх мэдээллийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын I хэлтсийн захирал Э.Ариунаа, Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нар танилцууллаа.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар 4,033 иргэнд 152.3 тэрбум төгрөг, 712 аж ахуйн нэгжид 168.7 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгогджээ. Олгогдсон зээлийн
- 1,661 нь Улаанбаатарт
- 3,084 нь орон нутгийн зээлдэгчид шийдвэрлэгдсэн байна.
Нийт дүнгээр 4,745 зээлдэгчид 321 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3%-ийн хүүтэй зээл олгогдоод байгаа аж.
Ажлын байр дэмжих зээл олгогдсоноор одоогийн байдлаар 29,321 ажлын байрыг хадгалж үлдсэн болохыг Сангийн яамнаас мэдээлэв.
Мөн Монголбанкны репо санхүүжилт буюу дахин санхүүжилтийн зээлийн тухайд 1,437 зээлдэгчид 210.4 тэрбум төгрөгийн зээл олгосон бол ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 2,488 зээлдэгчид 186.7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Үүнээс гадна өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг олгож эхэлснийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.
Тэрбээр “Ковидын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг гол хэсэг бол хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлсэн шийдвэр. Ингэснээр эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад чухал нөлөө үзүүлснийг олон улсын судалгааны байгууллагууд дүгнэж байгаа. Сар бүрийн 20-нд олгодог байсан хүүхдийн мөнгийг энэ сард урагшлуулж 5, 6-ний өдрүүдэд олгоно. 2021 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр 1,198,018 хүүхдийн дансанд 119.8 тэрбум төгрөг, мөн өмнөх саруудын нөхөн олголт 8,826 хүүхдийн 0.8 тэрбум төгрөгийг олгож байна” гэв.
Эх сурвалж: Сангийн яам