Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас энэ онд Энэбишийн өргөн чөлөө дагуух Өргөө кинотеатрын уулзвараас Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар хүртэлх 5900м.кв 1км үргэлжлэх 10 сектор бүхий замын голын булеварийг тохижуулан мод тарьж зүлэгжүүлнэ.
Хотын төвийн хүн амын нягтрал, хөл хөдөлгөөн ихтэй уг газарт жил бүр шугам сүлжээний ажил хийж, нөхөн сэргээлт хийлгүй орхигдуулж, ямар нэг арга хэмжээ авалгүй сул шороон хөрстэй байсаар ирсэн. Энэ жил тус албанаас талбайг бүрэн зүлэгжүүлж 4 улирал мөнх ногоон гацуур модыг доороо шугам сүлжээгүй хэсгүүдэд нь тарьж, голын шугам хоолойтой хэсэгт зөөвөрлөх боломжтой гоёлын торхтой мод тарихаар төлөвлөжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гүйцэтгэгч Охь мандал ХХК нь 2019 онд Аюушийн өргөн чөлөө буюу Өргөө кинотеатрын уулзвараас баруун тийш Саппорогийн уулзвараас хүртэлх замын голын булеварьт 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьж, иргэдэд зориулсан 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага, сандал, хогийн сав хийж, 10 гаруй нэр төрлийн гоёлын мод тарьж, зүлэгжүүлэн арчилгааг тус компани хариуцан өдөр бүр хийж байна.
Тохижилтын ажлыг өчигдөр 6 цагт эхлүүлж, 11 цагийн байдлаар 3 секторын хөрс хуулалт, эвдэрч муудсан хайснуудыг авах, хөрсөн доор үлдсэн рекламны самбарын суурь бетон бутлах зэрэг ажлуудыг ХТГ-ын 30 гаруй ажилчид, 2 экскаватор бусад техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж байна.
Хотын Ерөнхий менежер, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын удирдлагуудтай газар дээр нь ажлын явцад хяналт тавьж анхаарах асуудлууд дээр үүрэг чиглэл өгч ажиллалаа. Тохижилт, зүлэгжүүлэлтийн ажлыг 6 сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна хэмээн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.