ЭМГЭНЭЛ
Бидний дотны анд, журмын нөхөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын дарга, Хурандаа Жамъянсүрэнгийн Даваарагчаа нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад өвчний улмаас таалал төгсч бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тэрээр 1972 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрж, 1980-1990 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн сургууль, 1990-1994 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг цэрэг, улс төрийн ажилтан, 1996 онд Батальоны захирагчийн дамжаа, 2001 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг Төрийн удирдлагын арга зүйч, менежер, 2005 онд Батлан хамгаалахын Удирдлагын академийг Стратеги тактик, команд штабын мэргэжлээр, 2012 онд Батлан хамгаалахын удирдлагын академийн Стратегийн дамжаа, мөн НҮБ-ын Цэргийн багийн захирагчийн дамжааг тус тус төгссөн. Цэргийн ухааны магистр, цэргийн мэргэжлийн II зэрэгтэй.
Ж.Даваарагчаа нь 1994 оноос Зэвсэгт хүчний 150, 016 дугаар ангиудад рот, батальоны сургалт, соёл хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогч, 1997 оноос Зэвсэгт хүчний 013, 123, 310, 318 дугаар ангиудад Захирагчийн орлогчоор ажиллаж байгаад 2011 оны 4 дүгээр сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газарт Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2013 оноос нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар ажиллаж байсан. Монгол Улсын зэвсэгт хүчинд тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байсан Батлан хамгаалах салбарын тэргүүний боловсон хүчин байлаа.
Хурандаа Ж.Даваарагчаа нь Зэвсэгт хүчний анги байгууллагыг нутгийн захиргааны байгууллагатай холбох талаар идэвх санаачилгатай ажиллаж байсан төдийгүй 2008 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагааны 9 дүгээр ээлж, 2010 онд ТАБНУ, Чад улсад явагдсан НҮБ-ын “Minurcat” ажиллагааны 2 дугаар ээлжийн цэргийн багуудын удирдлагын бүлэгт сэтгэл зүйч, сургалтын офицероор тус тус ажиллаж үүргээ “бүрэн хангалттай” биелүүлсэн юм. Энэхүү гавьяаг нь үнэлж НҮБ-ын медаль, Польш улсын “Иракийн эрх чөлөө ажиллагаа” медалиар шагнаж байсан юм.
Түүний улс эх орондоо оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, “Цэргийн хүндэт медаль”, “Энхийн төлөө”, Батлан хамгаалах яамны “Хүндэт тэмдэг”, Зэвсэгт хүчний “Хүндэт тэмдэг”, Нийслэлийн “Хүндэт тэмдэг”, Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, “Нийслэлийн шилдэг залуу алтан” медаль Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль “Эх орны төлөө-1,2,3”, “Дайчин алдар 1, 2, 3” медалиудаар шагнагдаж байлаа.
Гэр бүл, найз нөхөд, хамт олныхоо талархлыг хүлээж, өргөсөн тангарагтаа үнэнч байж үлгэр жишээ зан чанар, нөхөрсөг харилцаа, зөв сэтгэл үзэл бодлоороо хамт олондоо хүндлэгдэн үлдсэн таны гэгээн дүр, зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
ТАЛИЙГААЧИЙН ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨД
ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР