Улсын Онцгой Комиссоос Apple болон Google компаниуд хамтран зохион бүтээсэн Exposure Notification системийг Монгол Улсад монгол болон англи хэл дээр “COVID-19 ERSDEL” нэрээр монголчуудад ашиглах боломжийг E-Mongolia-ийн дэмжлэгтэйгээр бүрдүүллээ.
“COVID-19 ERSDEL” систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлах зориулалттай.
COVID-19 ERSDEL систем нь:
- Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх шаардлагатай бөгөөд гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.
- Тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй
- Хүний хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.
- Дата унахгүй
- Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.
Хэрвээ та iPhone хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.
Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.
Энэхүү системийг ирэх даваа гарагаас буюу 04 дүгээр сарын 19-өөс ашиглаж эхэлнэ гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.