Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Доржханд, О.Мөнхсайхан, Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нар оролцож байна
Цэцийн хуралдаанд маргаан хянан хэлэлцэх ажиллагаа уг маргааныг урьдчилан шалгасан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго илтгэлээ танилцуулснаар эхэллээ хэмээн Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.
Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцэж байгаа юм.
Нэр бүхий иргэдээс ирүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн Үндсэн хуульд нийцээгүй гэх заалтууд:
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.2.“Нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;
5 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх
5.4.50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
5.6.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.
26 дугаар зүйл.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам
26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;
26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;
26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.