Вакцинжуулалтын явуулын цэг бүхий 40 автобусыг өнөөдрөөс ашиглаж эхэллээ.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Одоогоор вакцинжуулах 120 суурин цэг ажиллаж байна. Түүнээс гадна явуулын 40 автобус бэлдсэн. Энэ нь жижиг оврын 31, том оврын 9 автобус юм. Нэг явуулын цэг нь хоёр автобусаас бүрдэнэ. Нэгэнд нь вакцин хийж, нөгөөхийг нь ажиглалт, хяналтын шугамаар ашиглана. Өөрөөр хэлбэл, түр хүлээлгийн байдлаар ашиглах, иргэдийг вакцины цэгт хүргэх, вакцин хийх зэргээр ашиглах юм. СБД-ийн Эрүүл мэндийн эмч мэргэжилтнүүдийг дайчлан туршилтаар ажиллуулсан.
Явуулын цэгийн гол үйл ажиллагаа нь суурин цэгт ачаалал үүссэн үед хүмүүсийн хөдөлгөөнийг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Зайлшгүй шаардлага гарвал алслагдсан хороон дээр хүрч ажиллана. Вакцинжуулалтын төлөвлөлтөөр нэг өдөрт 40-50 мянган хүнийг хамруулах боломжтой. 1-р болон 2-р тунгийн хяналт харилцан адилгүй байгаа. Хоёр дахь тунг хийхдээ эхний тунг хийсэн үеийнх шиг эмчийн үзлэг, оношилгоо байхгүй, компьютер дээр хадгалагдсан мэдээллийг үндэслэн хийх юм. Харин вакцин хийсний дараах хяналтын хугацаа хүчинтэй" гэв.
Вакцины татан авалт маргаашаас эрчимжиж эхэлнэ. Одоогоор 600 мянган гаруй иргэн вакциныхаа нэгдүгээр тунг хийлгэсэн. Тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн бүх иргэний дархлаажуулалтыг бүрэн /1, 2-р тун/ хийхээр төлөвлөж байгаа талаар Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ