Шадар сайд С.Амарсайхан хөл хорионы хугацаанд явган хүний хөл хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлах арга хэмжээ авахыг мэдэгдлээ. Энэ талаар өнөө өглөө УОК-ын дэргэдэх Шуурхай штабт ажиллах үеэрээ мэдэгдсэн юм.
Эхний ээлжинд хүүхдийн тоглоомын талбай болон олон хүн цугладаг байршлуудыг хаах юм. “Хатуу хөл хорионы хугацаанд иргэн нэг дор бөөгнөрөхгүй. Гэрийнхээ ойр орчимд салхинд гарах, алхах, хөдөлгөөн хийхийг хориглохгүй. Дүүрэг хорооныхоо нутаг дэвсгэрийн хүнсний дэлгүүрүүдээс хүнсний бүтээгдэхүүнээ авна. Бүх хүнийг манаж, сахих боломж байхгүй. Тиймээс иргэд маань өнгөрсөн хугацаанд төрийн шийдвэрийг дэмжиж байсан шиг 15 хоногийн хугацаанд өөрсдийнхөө оролцоог хангана гэдэгт эргэлзэхгүй байна" гэж мэдэгдлээ.
УОК-ын Шуурхай штабын өгсөн мэдээллээр автомашинтай холбоотой зөрчлүүд цэгцэрсэн байна. Цаашид явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах арга хэмжээг шат дараатай авах юм. PCR шинжилгээг нарийвчлан зохион байгуулахаар болжээ. Тус штабын дарга, хурандаа Ц.Ганзориг: “PCR шинжилгээний зохион байгуулалтыг цэгцэлнэ . Ялангуяа аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчид шинжилгээ өгөх асуудлыг нарийн зохион байгуулна” гэв.