Боловсрол, шинжлэх ухааны сайд ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулах асуудлаар хэд хэдэн уулзалт зохион байгуулж энэ чиглэлээр шийдэл гаргах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг тайлангаа танилцуулав.
Ажлын хэсгийн судалгаанд хамрагдсан сурагчдын:
67.8 хувь нь ганцаардсан
59.0 хувь нь бухимдалтай
42.4 хувь нь айдас зовнилтой
56.2 хувь нь дасан зохицох чадвар сул гэсэн дүгнэлт гарчээ.
Мөн дунд болон ахлах ангийн сурагчдын дөрвөн хүүхэд тутмын нэг нь их ганцаардаж, таван сурагч тутмын нэг нь их уйтгарлаж байна гэжээ.
Ажлын хэсэг Финланд, Япон, АНУ, ОХУ, Герман зэрэг 17 улсыг сонгож сургуулийн орчинд сэтгэл зүйч хэрхэн ажилладгийг судалжээ. Олон улсад дунджаар нэг сэтгэл зүйчид 1000 хүүхэд оногддог байна. Норвеги, Израйль, Швейцарь, Америк зэрэг улсад сургуулийн сэтгэл зүйчийн ёс зүйн дүрэм гэж байдаг байна.
Ингээд хүүхэдтэй ажилладаг сэтгэл зүйчийг богино, дунд, урт хугацаанд бэлтгэх боломжуудыг тэд санал болголоо. Сургуулийн сэтгэл зүйчээр өмнө нь ажиллаж байсан 31, одоо ажиллаж байгаа 65 хүнийг 20 хоногийн түргэвчилсэн сургалтад хамруулах санал гаргалаа.
Харин сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн 167, энэ мэргэжлээр сурдаг дөрөвдүгээр курсын 68 оюутныг 45 хоногийн мэргэшүүлэх сургалтад хамруулах, гуравдугаар курсын 93 оюутныг төгсөх ангид нь мэргэшүүлэх боломж байгаа юм.
Эх сурвалж: БШУЯ