Япон Улсын Засгийн газар коронавирусийн тархалтыг дарах зорилгоор Токио хот, Осака, Киото болон Хёого мужид 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 11-ний өдрийг дуустал 17 хоногийн хугацаатай онц байдал тогтоолоо. Энэхүү шийдвэртэй холбогдуулан тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн ажиллах цагийн хуваарьт дараах өөрчлөлт орж байна. Үүнд:
1. Консулын үйлчилгээ авах иргэдийг 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд зөвхөн 09:00-12:00 цагийн хооронд хүлээн авч үйлчилгээ үзүүлнэ.
2. Консулын үйлчилгээ авч буй иргэн гараа ариутган, амны хаалт зүүсэн байх,
3. Шаардлагагүй аль эсхүл боломжтой бол ЭСЯ-нд ирэхгүйгээр зайнаас, тухайлбал шуудангаар үйлчилгээ авах. Үүнд:
- Консулын үйлчилгээ
- Итгэмжлэл /Шуудангаар хүлээн авна. /Жич: Үл хөдлөх хөрөнгө худалдах, захиран зарцуулах, банкны дансыг захиран зарцуулах, ААН-ийн дүрэмд өөрчлөлт оруулах утга бүхий итгэмжлэлийн хувьд тухайн итгэмжлэгч иргэнтэй видео утсаар цахимаар холбогдон нотолгоо авахыг анхаарна уу/
- Баримт бичгийн хуулбар баталгаажуулах /Буцах дугтуйны хамт шуудангаар хүлээн авна/
- Тодорхойлолт /Буцах дугтуйны хамт шуудангаар хүлээн авна/
- Гадаад паспорт шинээр захиалах /Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, бүртгэл нь баталгаажсан иргэний гадаад паспортын материалыг буцах дугтуйны хамт шуудангаар хүлээн авна/
- Буцах үнэмлэх авах /Буцах дугтуйны хамт шуудангаар хүлээн авна. Тухайн иргэнтэй видео утсаар холбогдон баталгаажуулсны үндсэн дээр буцах үнэмлэхийг үйлдэн шуудангаар хүргүүлнэ/
- Иргэний шинэчилсэн бүртгэл /Хурууны хээний мэдээллийг авдаг тул ЭСЯ-нд өөрийн биеэр ирэх шаардлагатай/
- Төрсний бүртгэл /Төрсний бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бүх бичиг баримтыг баталгаат шуудангаар хүлээн авна. Төрсний бүртгэлд бүртгүүлсэн иргэний төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн ХААТР маягтыг иргэдийн өөрсдийн зардлаар баталгаат шуудангаар хүргүүлэн, төрсний ХААТР маягтад хаана гарын үсэг зурах, ХААТР маягтыг хэрхэн буцаан илгээхийг зааварчилсан зурвасын хамт илгээж, баталгаат шуудангаар гарын үсэг зурж баталгаажуулсан ХААТР маягтыг хүлээн авна/
- Гэрлэлтийн бүртгэл /Гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бүх бичиг баримтыг буцах дугтуйны хамт баталгаат шуудангаар хүлээн авна. Гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн иргэний гэрлэлт бүртгэлийн ХААТР маягтыг иргэдийн өөрсдийн зардлаар баталгаат шуудангаар хүргүүлэн, гэрлэлт бүртгэлийн ХААТР маягтад хаана гарын үсэг зурах, ХААТР маягтыг хэрхэн буцаан илгээхийг зааварчилсан зурвасын хамт илгээж, баталгаат шуудангаар гарын үсэг зурж баталгаажуулсан ХААТР маягтыг хүлээн авна/
- Нас барсны бүртгэл /Суугаа орны цагдаагийн газар болон эмнэлгийн байгууллагаас олгосон нас барсны гэрчилгээнд үндэслэн нас барсны гэрчилгээг өөрийнх нь зардлаар баталгаат шуудангаар иргэдэд хүргүүлэх, аль эсхүл гадаадад нас барсан иргэний бүртгэлийг Монгол Улсад хийх боломжтой тул нас барсны тодорхойлолт болон гэрчилгээ, консулын ажилтны баталгаажуулсан орчуулгын хуулбар зэргийг тус ЭСЯ-наас ГХЯ-ны Консулын газарт цахим шуудангаар хүргүүлэн, ар гэрийнх нь төлөөлөл Консулын газраас хүлээн авах боломжтой/
- Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт /Хүсэлт, бүрдүүлэх материалыг баталгаат шуудангаар хүлээн авна/
Бүрдүүлэх материалын жагсаалт болон мэдүүлгийн хуудас, итгэмжлэлийн маягтыг тус ЭСЯ-ны www.tokyo.embassy.mn цахим хуудаснаас татаж авна уу.
Шуудангийн хаяг.
Японоор: 〒150-0047 東京都渋谷区神山町21-4、駐日モンゴル国大使館領事部
Англиар: 21-4 Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047, Embassy of Mongolia, Consular Division
Эх сурвалж: Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам