Өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл тогтоосон хатуу хөл хорионы хугацаанд 20:00 цагаас хойш явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Тээврийн хэрэгсэлд олгосон QR кодын цагийн хязгаарлалт, нийтийн тээврийн цагийн хуваарь мөн 20:00 цагаар дуусгавар болж байгаа юм. Гэхдээ эмч эмнэлгийн ажилтан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг зайлшгүй шаардлагатай салбарынханд энэ хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Иргэд шалтаг шалтгаан тоочих тохиолдол их байна. Алба хаагчид аль болох ойлгоод явуулж байгаа хэдий ч өглөө эмнэлэг явж байна гэж учирлаад явсан хүн орой согтуу явж таарах жишээтэй. Хүндэтгэн үзэх шалтгаантай бол холбогдох баримт бичгээ үзүүлээд явах хэрэгтэй. Цагдаагийн алба хаагчид аль болох сул хөдөлгөөн гаргахгүй байхаар ажиллах болно. Өнгөрсөн долоо хоногт илэрсэн зөрчлөөс дурдвал зөвшөөрөлтэй байгууллагын харуул хамгаалалтын албаны машин ардаа төмс ачиж явсан тохиолдол гарсан. Тиймээс бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед иргэд хариуцлагатай байж, хамтран ажиллахыг хүсье" гэсэн юм.
Хөл хорио тогтоосон хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 5000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.