Нарлаг Улаанбаатар Ротари клубээс санаачлан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтарч нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх “REDrone” (Red drone) төсөл хэрэгжүүлжээ. Тус төхөөрөмжийг өнөөдөр анхны удаа нислэг үйлдэж ашиглана.
Улаанбаатар хотод замын түгжрэл эрс нэмэгдэж, яаралтай үед хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэхэд хүндрэл үүсдэг. Мөн газар хөдлөлт, гамшиг осол, коронавируст цар тахал зэрэг хатуу хөл хорионы үед нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлын үед эмнэлгүүдэд шаардлагатай бүтээгдэхүүнийг захиалга өгсөн эмнэлэгт богино хугацаанд хүргэж, олон хүний амь нас аврах шаардлага тулгардаг.
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах нь дээрх хүндрэлүүдийг давах, цус, цусан бүтээгдэхүүний захиалгын дагуу тээвэрлэх зардал, хугацааг хэмнэх, хүний нөөц, ажлын ачааллыг багасгах замаар эдийн засгийн үр ашгийг нэмэх ач холбогдолтой юм.
Уг төслийг Тамир Ротари клуб, Улаанбаатар Ротари клуб, JCI Capital байгууллагуудын дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) “Карбон Композитс” компанийн монгол инженерүүд ур ухаанаа шингээж, мэргэжлийн өндөр түвшинд хийжээ.
Эх сурвалж: ЦССҮТ