Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ХӨСҮТ-д ажиллах үеэрээ Хүчилтөрөгч дамжуулах төвийг өргөтгөх, хүртээмжийг нэмэх зорилгоор хүчилтөрөгчийн үйлдвэр барих шийдвэр гаргасан. Одоогоор ХӨСҮТ-ийн Хүчилтөрөгч дамжуулах төв нь өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600м3 хүчилтөрөгч нийлүүлж, зөөвөрлөдөг. Үйлдвэр ашиглалтад орсноор өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг болон "Ковид-19"-ийн эмчилгээний өрөөнд шууд дамжуулах, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байх боломж бүрдэнэ.
Үйлдвэр ХБНГУ-ын технологиор цагт нам даралтын (0,5 мРа) хүчилтөрөгчийг 40м3 үйлдвэрлэхээс гадна өндөр даралтын (150мРа) баллоныг цагт 3-4 ширхэг хүчилтөрөгчөөр цэнэглэх хүчин чадалтай. Одоогоор үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусч цахилгааны болон хийн холболтуудыг хийж байна. Энэ долоо хоногт туршилт хийж ажиллагааг нь жигдрүүлнэ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.