ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох цар тахлын үеийн тусламж үйлчилгээний чиглэлээр авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
-Гэрээр тусгаарлагдаж буй иргэдэд ЭМЯ-наас ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Гэрээр тусгаарлагдаж байгаа эмчилгээ шаардлагатай иргэдэд Эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн тусламж авах боломжийг бүрдүүлэх Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Архаг суурь өвчтэй болон 50-иас дээш насны ойрын хавьтал болсон иргэдэд эрсдэлүүд үүсэж байгаа тул урьдал эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлж вирусийн эсрэг эмчилгээг НЭМГ руу хүргүүллээ. Мөн дархлаа дэмжих уламжлалт эмчилгээний багцыг өрхийн эмнэлгүүдээр дамжуулан айл өрхүүдэд тарааж байна.
-Эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний хүрэлцээ хангамж ямар байна вэ?
-Нэгэнт хүндрээд ирсэн иргэдэд эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Одоогоор эрчимт эмчилгээний 200 гаруй орыг нэмж дэлгэн, өвчтөн аваад эхэллээ. ЭМЯ-наас эмнэлгүүдийг вирусийн эсрэг эмээр хангаж байгаа.
-Орон нутагт ямар зохион байгуулалт хийж байгаа бол?
-Орон нутагт одоогоор 3000 гаруй ор дэлгэж байна. Цаашид 7700 гаруй ор дэлгэхээр төлөвлөлт хийгээд ажиллаж байна. Ковидоос өмнө улсын хэмжээнд 300 гаруй эрчимт эмчилгээний ор ажиллуулж байсан бол өнөөдөр орны тоог 200 гаруйгаар нэмэгдүүлсэн. Амьсгалын аппарат улсын хэмжээнд 1000 орчим бий. Энэ манай улсын хувьд хангалттай хүрэлцэнэ. Харин үүнийг ажиллуулах хүний нөөц хомсдолтой болж байна. Нэн хүнд ангилалд байгаа хүний тоо өнөөдрийн байдлаар 112 байна.
-Эрүүл мэндийн салбарт хэчнээн хүн улаан бүсэд ажиллаж байна вэ?
-Коронавирусийн халдвартай тэмцэх нь багийн ажиллагаа байдаг. Өчигдрийн мэдээгээр 5336 хүн улаан бүсэд эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээний бусад чиглэлээр ажиллаж байна. Үүний 1300 нь эмч, 1400 нь сувилагч, тархвар судлаач бусад ажилтнууд ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарынхан бүгдээрээ коронавирусийн халдвартай тэмцэн ажиллаж байна.