Спутник V вакцины эрэлтийг хангаж дийлэхгүй байгаа ОХУ-ын тал Хятадын үйлдвэрлэгч компаниудад хандсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Нийт 260 сая тун вакциныг Хятадын гурван компаниар үйлдвэрлүүлэх тохиролцоонд хүрсэн тухай Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан саяхан зарласан юм. Гэхдээ Спутник V вакциныг бөөнөөр үйлдвэрлэхээр тохиролцсон гэгдэж байгаа Tibet Rhodiola Pharmaceutical Holding Co, Shenzhen Yuanxing, Hualan Biological Bacteria Inc компаниуд хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эхэн үедээ ОХУ-д бүтээсэн Спутник V вакциныг өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мэргэжилтнүүд шүүмжилж байв. Харин сүүлд Их Британийн The Lancet сэтгүүлд сүүлчийн шатны туршилт нь 91 хувийн үр дүнтэй гарсан тухай тайлан нийтлэгдсэний дараа шүүмжлэх нь багассан юм.
Сүүлийн байдлаар дэлхийн 100 гаруй улс 630 сая тун Спутник V вакцин авах захиалга өгсөн ч Оросын дотоодын үйлдвэрлэгчид үүний ердөө 11.5 сая тунг нийлүүлсэн байна. Тиймээс вакциныг санхүүжүүлэгч Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан гадаад орнуудад бөөнөөр үйлдвэрлүүлэх гарц хайж, Энэтхэг, Өмнөд Солонгос, Бразил, Серби, Турк, Итали зэрэг улсуудын компаниудад ханджээ.
Одоогоор Беларус, Казахстан дахь үйлдвэрүүдээс бусад нь бөөнөөр үйлдвэрлэж эхлээгүй байна.
Дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар ОХУ дотооддоо нийт 27 сая хүн тун Спутник V вакцин үйлдвэрлэжээ.
Оросын вакцины эрэлт хэрэгцээ нь Москвагийн эрх баригчдын хувьд дэлхийн тавцанд байр сууриа өсгөх ховор боломж олгож байгаа юм.
Эх сурвалж: Associated Press