Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр 16:45 цагийн орчимд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод мэдрэгдсэн байна.
Газар хөдлөлтийн талаар мэдээлэл боловсруулдаг www.usgs.gov цахим хуудас Хөвсгөлийн Ханх сумын Турт хэмээх газраас 27 км-ын зайд 5.6 магнитудын хүчтэй хөдлөлт бүртгэгдсэн тухай мэдээлсэн бол Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээгээр газар хөдлөлтийн хүч 6.3 магнитуд байжээ. Одоогоор ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна.
Өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх сумагд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Улаанбаатар хотод чичирхийлэл мэдрэгдэж байв. Тодруулбал, Ханх сумын Тураг багийн Модон хүй-Арал гэдэг газар өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны 05.32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдөлсөн. Тухайн үед аймгийн бүх суманд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж байв. Улмаар тус аймгийн Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын хоёр цонх, мөн Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Эрдэнэбулган, Тариалан сумын ЕБС-ийн хана, цонх, шат, Мөрөн сумын "Гурван гал" өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус, тус цууралт үүссэн тухай мэдээлсэн. Он гарснаар тус голомт дээр нийтдээ 61 мянган удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.