Туул голын эрэг дагуу дөрвөн байршилд иргэд, олон нийтийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх, талбайн төлөвлөлтийн шийдлийг олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор 20 сая төгрөгийн шагналын сантай концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарласан. Уралдаан дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд 21 хоногийн хугацаатай үргэлжилнэ. Тэгвэл энэ талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Хосбаяраас тодрууллаа.
-Туул гол дагуу нийт хэдэн байршилд зураг төсөл хийхээр төлөвлөсөн бэ?
-Туул гол дагуу Баянзүрхийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл нийт 16 байршилд тохижилт хийхээр төлөвлөж байгаа. Үүнээс нэг байршилд тохижилтын ажил бүрэн хийгдсэн бол есөн байршилд тохижилтын ажлын даалгаврыг баталсан. Эхний ээлжид дөрвөн байршилд концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлаад байна.
-Энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа зорилго юу вэ. Өмнө нь ийм төрлийн уралдаан зохион байгуулж байсан уу?
-Туул гол дагуу иргэдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх нэгдсэн зохион байгуулалт, төлөвлөлттэй тохижилт бүхий талбай байгуулах шинэлэг санаа, шийдэл, концепцыг олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох үүднээс нээлттэй уралдааныг зарласан. Өмнө нь нийслэлээс жанжин Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулж байсан бөгөөд түрүүлсэн бүтээлийн үзэл, санааны дагуу бүтээн байгуулалтыг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн.
-Уралдаанд хэн оролцох боломжтой вэ?
-Зураг төсөл боловсруулдаг мэргэжлийн байгууллага, хувь хүн, уран бүтээлчид, оюутан, залуус оролцож, бүтээлээрээ өрсөлдөх бүрэн боломжтой. Уралдаанд оролцох материалыг 2021 оны тавдугаар сарын 20-ны 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордны 13 давхар Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээж авна.
-Уралдааны гол шалгуур үзүүлэлт юу байх вэ?
-Таван гол шалгуур үзүүлэлт байгаа. Төслийн үзэл санааны шинэлэг байдал, иргэд, олон нийтийн амрах нөхцөлийг бүрдүүлсэн байх, байгаль орчинд ээлтэй орчин үеийн техник технологийн шийдлүүдийг тусгасан байдал, ажлын гүйцэтгэл иж бүрдлийг хангасан байдал, иргэд, олон нийтийн санал гэсэн таван шалгуур үзүүлэлтээр тус бүрд нь оноо өгч, үнэлгээ гаргана.
-Оролцогчид юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2021 оны тавдугаар сарын 20-23-ны өдрүүдийн хооронд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудас болох https://uda.ub.gov.mn/ сайтад байршуулан иргэд, олон нийтээс санал авна. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдаан дүгнэх комисс хуралдаад, дүнгээ гаргана. Мөн уралдаан зарлаж байгаа дөрвөн байршлын UTM 1:500-ын байр зүйн зургийг 11-321943 болон 90999918 утсаар холбогдож, албан ёсоор бүртгүүлэн, и-мэйлээр авах боломжтой.
-Нэг л зураг төсөл шалгаруулах уу?
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 20 сая төгрөгийн шагналын санг баталсан. Үүнээс шилдгийн шилдэг санаа буюу тэргүүн байр нэгийг шалгаруулж, 15 сая төгрөг, дэд байр нэгийг шалгаруулж таван сая төгрөгөөр урамшуулна. Шилдгээр шалгарсан бүтээлийн концепц, үзэл санааны дагуу тохижилтын ажлын зураг хийгдэх юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС