Энэтхэг улсад коронавирусний халдвар эрчимтэй тархаж байгаа ч хөл хорио тогтоох гэж яаравчлахгүй байгаа талаар ВВС мэдээллээ. Халдварын нийт тохиолдол 20 сая давсан тус улсын сөрөг хүчнийхэн эрх баригчдаас үндэсний хэмжээнд хөл хорио тогтоохыг шаардаж байна. Гэвч Ерөнхий сайд Нарендра Моди хөл хорио тогтоох нь эдийн засгийг унагаах эрсдэлтэй үзэн татгалзаж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр мягмар гарагт 355 мянган хүнээс коронавирус илэрсэн нь /дөрөвдүгээр сарын 30-ны өдөр бүртгэгдсэн 400 мянган тохиолдлоос/ буурсан үзүүлэлт хэмээн жишээ татаж, хөл хорионоос татгалзаж буйгаа тайлбарласан байна.
Өнгөрсөн онд тэрбээр дөрвөн цагийн өмнө хөл хорио тогтоож буйгаа мэдэгдсэн нь иргэдийн дунд бухимдал үүсгэж, томоохон хямрал болох үндэслэлийг тавьсан хэмээн шүүмжлүүлжээ. Учир нь олон зуун мянган ажилчид төрөлх тосгон руугаа зуу зуун км алхаж харьсан байна.
Тус улсад 222 мянган хүн нас барсан гэж мэдээлж байгаа ч бодит байдалд түүнээс олон хүн хорвоог орхисон байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: ВВС