Сан Франциско хотын цагдаа нар Ази гаралтай хоёр эмэгтэйг өчигдөр (2021.5.4) хутгалж, ноцтой гэмтээсэн гэх сэжигтэнийг өнөөдөр (2021.05.05) баривчилжээ.
Тус хэрэг орон нутгийн цагаар 17:00 цагт болжээ. Цагдаа нар дуудлага авч, Стоктон болон дөрөвдүгээр гудамжинд очсон байна. Энэ үед Ази гаралтай, бие биенээ үл таних хоёр эмэгтэй нэг хүний халдлагад өртөн хутгалуулсан байжээ. Гэрч нарын мэдүүлснээр, эмэгтэйчүүдийн нэг нь ахимаг насны, нөгөө нь 30 орчим настай аж. Сэжигтэн этгээд гудамжаар алхаж яваад, автобусны буудлын ойролцоо эмэгтэйг хутгалаад зугтжээ.
Сүүлийн саруудад Ази гаралтай америкчуудын эсрэг чиглэсэн үзэн ядалт, ялгаварлан гадуурхалтын шинжтэй хэргүүд ихэсчээ. Түүний улмаас ихэвчлэн биеэ хамгаалах чадваргүй ахимаг насныхан болон эмэгтэйчүүд сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.