УИХ-аас “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ.
Уг хуулийн дагуу 6.0 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүрмөсөн тэглэсэн бол зээлгүй байсан ахмадуудад 1.0 сая төгрөгийн ваучер олгож, 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан.
Тэгвэл үүний дагуу өнгөрсөн долоо хоногоос эхлэн Нийгмийн даатгалын хэлтсүүдээр дамжуулан 1,0 сая төгрөгийн ваучерыг олгож байна.
2019.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад байгаа. Мөн 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн бий. Нийтдээ энэ арга хэмжээнд 238.0 мянган ахмад хамрагдаж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлсэн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, "Эрдэнэс Монгол" компанитай хамтран ахмадуудад олгох 216.0 тэрбум төгрөгийг энэ сарын 21-нээс өмнө тэтгэврийн дансанд байршуулахад бэлэн болжээ