Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдын удирдсан Засгийн газар байгуулагдаад 100 хоног болж байна. Энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, асуултад хариулж байна
Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Миний бие Ерөнхий сайдаар томилогдсоны дараа хэвлэл мэдээллийн салбарын ажилчидтай нээлттэй ажиллана гэдгээ хэлсэн. Засгийн газар байгуулагдах цаг үе амар байсангүй. Зөвхөн Монголын хувьд биш дэлхийн хүн төрөлхтөний хувьд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хоёр сая гаруй хүнээ алдаж, цар тахлын өмнө өвдөг сөгдсөн амаргүй цаг хугацаа таарсан. Монгол Улс дотооддоо 10 сарын хугацаанд Covid-19 халдвар алдаагүй барьж чадсан. Засгийн газрын хувьд цар тахлын Азийн гурав дахь давалгаатай нүүр тулсан. Цар тахал нь эдийн засагтай урвуу хамааралтай байдаг учраас энэ хоёр заагийн дундуур хэрхэн явах нь дэлхийн бүх улс орны эдийн засагч, улстөрчдийн том сорилт байсан.
Эдийн засаг 5.3 хувь хүртэл агшсан цаг үе таарсан. Төсвийн алдагдал, ДНБ-ний эзлэх хувь 12.3 хувь болж, төсөв тасалдсан. Эхний хоёр үзүүлэлтээс улбаалж, зах зээлд эргэх ёстой байсан 7.9 их наяд төгрөг Монголбанкин дээр гацсан. Арилжааны банкууд зээл гаргахаа больсон. Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахаас айж, төлөвлөгөөгөө болж эхэлсэн. Тийм учраас зах зээл дээр байгаа бэлэн мөнгөний хомсдол үүсч, 68.9 мянган ажлын байр шууд байхгүй болсон. Ийм нөхцөл байдалтай шинэ Засгийн газар нүүр тулсан.
Ийм нөхцөл байдалд бид тооцоо судалгаатай ажиллахгүй бол болохгүй байсан. Яагаад гэхээр Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн уур амьсгал биднийг угтсан, гадаа талбайд өлсгөлөн зарлаж жагсаал болсон нөхцөл байдал угтаж байв. Цар тахлын нөхцөл амаргүй, хөл хориог нийгмийн сэтгэлзүй хүлээж авахгүй нөхцөл байдалд байсан. Ер нь бол хөл хорио тогтоох бүрт халдварын тохиолдлын тоо багасдаг, сулрахаар нэмэгддэг. Энэ бол түр зуурын арга хэмжээ. Та бүхэнд нийт дөрвөн хөл хорионы үр дүнг харуулж байна.
Хэрэв хөл хорио тогтоогдоогүй байсан бол нэг сая орчим хүн халдварт өртөж, нас барсан хүний тоо 10 мянгад хүрэх эрсдэлтэй байсан гэдгийг ХӨСҮТ-өөс бидэнд хэлж байгаа юм. Олон улсын зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, эрдэмтэн судлаачдын үг үнэн байж гэдгийг би өөр дээрээ ойлгож байгаа юм. Эрдэмтэн судлаачид хөл хорио тогтоож, вакцинжуулалт хийж чадвал хамгийн зөв арга нь болно гэдгийг хэлсэн. Бид вакцины татан авалттай холбоотой хэлэлцээр хийж эхэлсэн.
ЦАР ТАХЛЫГ БОГИНО ХУГАЦААНД ДАВАН ТУУЛСАН ЭХНИЙ 10 УЛСЫН НЭГ БОЛНО
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнүүдээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
- Цар тахалгүй наадмаа тэмдэглэхийн тулд бид вакцинжуулалтад зайлшгүй хамрагдах шаардлага байна. Бид 12-18 насны иргэдээ дархлаажуулснаар вакцинжуулалт өндөр хувьтай гарна.
- Файзер вакцинд залуучуудыг хамруулж, хичээлээ хугацаанд нь хийх зорилт тавьж хэлэлцээр хийж байна. Канад болон бусад улсын хувьд вакцинжуулалт эхэлсэн бол бидний хувьд ажиглаж, ДЭМБ-ын зөвлөгөөг дагаж байна.
- Вакцинжуулалтаар бид дэлхийн эхний 10 улсын нэг болж чадсан. Ази, Зүүн Азид вакцинжуулалтаар тэргүүлэгч улсуудын нэг болсон. Энэ бол бидний цөөхөн хүн амтай улсын давуу тал байсан.
- Үндсэндээ вакцинжуулалтад зориулсан 100 хоног байлаа.
- 26 хоногийн хатуу хөл хорио тавих нь цаг хугацааны хувьд хамгийн зөв байсан гэж бидний хувьд тооцсон.
- Өнгөрсөн 100 хоногийн онцлох ажил бол вакцинжуулалттай холбоотой асуудал байсан.
- Засгийн газарт мөнгө байгаагүй. Тиймээс арилжааны банкны гацсан эх үүсвэрийг Засгийн газар дэмжих замаар яаж зах зээл рүү оруулах вэ гэдэг л бидний өмнө тулгарсан гол сорил болсон.
- Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгох хоёр их наядын төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эхэлсэн. Хоёр их наядаар тооцвол бид 34 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ бол 100 хоногт чамлахааргүй үзүүлэлт.
- Гурван хувийн хүүтэй зээл нийгэмд эрэлт үүсгэж байгаа учраас нэг их наяд нэмэгдүүлж, гурван хувийн хүүтэй зээл гурван жилийн хугацаатай гурван их наядын багц болж байгаа.
- Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн ямар нэгэн шалгуурт Засгийн газар оролцохгүй байгаа.
- Ипотекийн зээл, барилгын салбар зогссон үед ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл маш чухал болсон.
- Эдийн засаг 2021 онд өсөлттэй гарахаар макро эдийн засгийн үзүүлэлтүүд гарч, дотоодын эдийн засаг тэлэх нөхцөл байдал үүсч эхэлж байгаа нь 10 их наядын хөтөлбөр үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.
- 10 их наядын хөтөлбөр бол жингүйдэж унаж буй эдийн засгийг зөөлөн газардуулах зорилт. Тиймээс эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх боломж биш. Аль болох ажил олгогчдоо дэмжиж, ажилгүй иргэдийн тоог хязгаарлах зорилт тавьсан.
- Хэрэв 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол 80-250 мянган орчим ажлын байр алдах нөхцөл рүү орох байсан.
- Цар тахлын дараах нөхцөл байдлыг илүү амбицтай ярих цаг болж байна. Вакцинжуулалтын явц тооцсон хугацаанаас 11 өдрийн өмнө урагшилж, зах зээл нээгдэх боломжтой.
- Цар тахлыг богино хугацаанд даван туулсан эхний 10 улсын нэг болно. Тиймээс одооноос бид том төслүүдээ зоригтой хөдөлгөх хэрэгтэй.
- Цар тахлын дараа хэрэгжүүлэх 100 төсөл арга хэмжээг өнөөдөр аж ахуйн нэгж, иргэдэд зарлаж байна.