Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 129.4 га талбайн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг мэргэжлийн 44 аж ахуй нэгж, байгууллага хариуцаж ажилладаг. Үүнээс 14.9 га газрыг нөхөн зүлэгжүүлж, 22.9 га газрыг шинээр зүлэгжүүлэх юм. Мөн навчит болон шилмүүст мод, бут сөөг, ургамлан хашлаганд нийт 548.232 мод, сөөг тарина. Нийслэлийн Байгаль орчны газраас хаврын бүх нийтээр мод тарих өдрийг тавдугаар сарын 15-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хаврын бүх нийтээр мод тарих арга хэмжээг "Өрх бүр хашаандаа мод тарья" уриан дор зохион байгуулах, нийслэлийн төвийн зургаан дүүргийн 100 хороотой хамтран 5000 орчим айл өрх мод тарихаар бэлтгэл ажлыг бүрэн хангуулж, “Тарьц, суулгац-2021" цахим үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж байна.
Хотын гол болон туслах 32 гудамж, замуудад нийт 300 мянган метр урт заадас засварын ажил хийхээр төлөвлөсөн. Тавдугаар 8-ны байдлаар нийт 24 гудамж, замуудад 223.500 метр урт заадас засварын ажлууд хийгээд байна. Засварын ажлын явц 75 хувьтай байгаа юм. Мөн 176 гудамж, замуудад нийт 45 мянган ам метр нүхэн эвдрэлд засварын ажил хийхээр төлөвлөснөөс нийт 6750 ам метрт хийгээд байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС