Pfizer/BioNTech компанийн бүтээсэн 12-15 насны хүүхдийн Covid-19 вакцинд өчигдөр АНУ-ын засгийн газар зөвшөөрөл олгожээ.
Коронавирусийн халдвар авсан ихэнх хүүхдүүдээс ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй, эсвэл маш хөнгөн өвчилдөг. Гэсэн хэдий ч бусдад вирус тараах эрсдэл өндөр хэвээр байдаг юм.
“Өнөөдрийн алхам манай залуу үеийнхнийг Covid-19 өвчнөөс хамгаалах, цар тахлыг төгсгөж, хэвийн амьдралд шилжихэд чухал түлхэц болно. Вакцины аюулгүй байдлыг бид маш сайн шалгаж нягталсан тул эцэг эхчүүд, асран хамгаалагчид санаа зовохгүй байж болно” гэж АНУ-ын Хүнс, Эмийн хэрэг эрхлэх газрын тэргүүн, доктор Жанет Вүүдсток мэдэгджээ.
Pfizer компани вакцинаа 12-15 насны 2,260 хүүхдэд туршихад халдвараас 100 хувь сэргийлсэн үр дүн гарчээ. Өнөөдрийн байдлаар АНУ-ын хүн амын 46 орчим хувь нь коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа тариулаад байна.
Гэвч дөрөвдүгээр сарын дундаас эхлэн вакцинжуулалтын явц удаашраад байгаа. Дөрөвдүгээр сарын дундуур өдөрт дунджаар 3.3 сая гаруй тун вакциныг дархлаажуулалтад ашиглаж байсан бол тавдугаар сарын 4-ний байдлаар 2.1 сая тун болж буурчээ.
Өнөөдөр АНУ-ын хүн амын дархлаажуулалтад хэрэглэж байгаа вакцинуудаас ганцхан Pfizer/BioNTech вакциныг 16, 17 настнуудад тарьж байгаа юм.
Эх сурвалж: Reuters