УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороон хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг Г.Ганболд тэргүүтэй гишүүд өргөн барьсан юм. Манай улс 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орохдоо олон үүрэг хүлээсэн. Үүний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх явдал байлаа.
2017, 2018 онуудад тус бүр хоёр хувиар гэх мэт нэмэгдсээр 2021 оноос нийгмийн даатгалын шимтгэл 26-28 болж нэмэгдсэн. Иргэд сонгогчдын зүгээс, МҮЭ-ийн байгууллагаас УИХ-ын гишүүдэд удаа дараа энэ асуудлаар ханджээ. Тиймээс Г.Ганболд тэргүүтэй гишүүд хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авсны дагуу төслөө өргөн бариад байгаа юм. "Энэ хуулийг баталж хэрэгжүүлснээр иргэд болон ажил олгогчдын нуруунаас жилд 190 гаруй тэрбум төгрөгийн ачааг авна. Нөгөө талаасаа Засгийн газар төсөвтөө тодотгол хийж энэ зөрүүг арилгах боломжтой гэж үзсэн" хэмээн хууль санаачлагчид хэлж байлаа.
Цар тахалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1 хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх арга хэмжээ авсан. Тиймээс энэхүү хуулийг ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж төслөө боловсруулжээ. Хууль батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар буурах юм. Энэхүү хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн 100 хувийн саналаар дэмжлээ