Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засварын ажлыг төлөвлөгөөгөөр наймдугаар сарын 1-нд хийх байсан. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд энэ ажлыг хийх үүрэг өгснөөр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд засварын ажил эхэлсэн юм. Мөн Хотын дарга ганц хэв гажилтын заадас засвар гэлтгүй явган хүний зам, хашлага, асар, гэрэлтүүлэг зэрэгт шаардлагатай засваруудыг хийх чиглэл өгсөн. Энэ дагуу засварын ажлыг хийж, замыг энэ сарын 8-нд нээсэн. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор түүхий эдийн нөөц хангалтгүй байснаас гадна Энхтайваны гүүрний явган хүний замын эвдрэл төлөвлөснөөс их байсан учраас резинэн замын түүхий эд хүрээгүйг албаныхан хэлж байлаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Явган хүний зам шаардлага хангахгүй байгаа талаарх мэдээлэл гарсан. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Энхтайваны гүүрийг 1958 онд БНХАУ-ын тусламжаар байгуулсан. Үүнээс хойш 2004 онд нэг л удаа засвар хийсэн. Замын зорчих хэсгийн 7200 ам метр талбайн асфальтан хучилтыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэлээ. Гурван см хэртэй хучилтыг хуулж, хатуу хучилт хийсэн. Мөн 54 гэрэлтүүлгийн шон борооны усанд элэгдэж, өнгөрсөн удаагийн хүчтэй шуурганаар хоёр гэрлийн шон углуургаараа унаад байсан. Энэ 54 шонг бүрэн сольж, кабелийн утсыг шинэчилж, гэрэлтүүлгийн хүчин чадлыг сайжрууллаа. Гүүрний хоёр талын явган хүний зам бүхий 1400 ам метр талбайг тавдугаар сарын 3-нд бид өнгөлье гэж шийдэж, бетон хучилтаар өнгөлбөл 3-4 см эвдэрсэн хэсгийг хуулах хэрэгтэй болсон. Нэгдүгээрт, цаг бага байсан. Хоёрдугаарт, бүхэлд нь хуулахад хөрөнгө, мөнгө хүрэхгүй байлаа. Гуравдугаарт, энэ хучилтын доор нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийн кабель, троллейбусны цахилгааны утас байгаа. Иймээс бид энэ зам дээр нь резинэн зам хийх шийдвэр гаргаж, бэлтгэлээ хангасан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа учраас барилгын бүх дэлгүүр хаалттай, БНХАУ-ын хил хаасан байлаа. Иймээс бид Улаанбаатар хотын автобусны буудлын карма болон замуудын уулзварын халтиргаа, гулгаа үүсдэг өгсүүр, уруу хэсэгт резинэн зам хийдэг компанитай уулзан, санал тавьсан. Ингээд 1400 ам метр талбайн 1000-ыг нь хучсан. Үлдсэн 400 ам метр газрын дутуу материалыг хил нээсний дараа авч, хийж дуусгахаар төлөвлөсөн.
-Явган хүний замын гадаргуу тэгш бус, барзгар байна гэх мэдээлэл бий. Үүнд хэрхэн, яаж хяналт тавьж байгаа вэ?
-Энэ замыг 2004 оноос хойш засаагүй учраас маш их хэмжээний эвдрэл, хагаралтай, ан цав үүссэн. Үүнийг бетонон зуурмаг тавьж, шавардлага хийж тэгшилье гэхээр замын инженерүүд “Ингэж хийвэл ховхорч унана. Харин резинэн зам барзгар гадаргын ховил нүх рүү илүү сайн шигдэж орно” гэсэн. Компани мөн энэ замд баталгаа өгнө гэж байгаа. Хотын дарга ажлын чанарт байнга анхаарал тавиарай гэдэг үүргийг надад өгсөн. Манай албаныхан, мэргэжлийнхэн хяналт тавьж байгаа. Энэ зам угаахад, бороо орох тусам тодордог. Эвдрэл гэмтэл гарвал тухайн компани засаад явна гэдэг гэрээ хийсэн. Мөн энэ зам дээр цас тогтдоггүй. Бид өнгөрсөн жил Энхтайваны өргөн чөлөө, Багатойруу, Чингисийн өргөн чөлөөнд 19 автобусны буудлын кармад ийм зам тавьсан. Ямар нэг хэмжээгээр ховхрохгүй, хуурахгүй. Хонхорхойтой хэсгүүдийг явцын дунд засаж, хүлээж авна. Засварын ажил дуусаагүй. Үлдсэн хэсгийг явган хүний хөдөлгөөнд саад болохгүйгээр, шөнийн цагаар богино хугацаанд хийнэ. Энхтайваны гүүрийг Улсын комисс хүлээж аваагүй учраас энэ ажилд улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй.
Хотын даргын зүгээс хөл хорионы үед нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг засах, угааж, цэвэрлэх, замын нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээ хийх үүрэг өгсөн. Иймээс бид замын заадас, нөхөөс хийж, замын хашлага угааж, цэвэрлэж, засаж, будаж, сэлбэсэн. Мөн орон сууц, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай зэргийг ариутгалын мананцар үүсгэгч машинаар гуравдугаар сарын 30-наас хойш ариутгах ажил үргэлжилж байна. Түүнчлэн автобусны буудлыг угааж байгаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС