ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма ЭМЯ-ны мэдээллийн үеэр дараах асуултад хариулт өглөө.
-ЧД-т нялх биетэй эмэгтэй вакцины I тунг хийлгээд гэртээ нас барсан тухай мэдээлэл тархаад байна. Вакцин хийлгээд гэртээ нас барсан тохиолдол манай улсад бүртгэсэн үү?
-Вакцины дараа илэрч буй урвалыг богино хугацаанд болон ерөнхий биеийн, хэсэг газрын урвал гэж ангилж байгаа. Эхний 30 минутад буюу богино хугацаанд анафилакс шок буюу амь насанд аюултай байх урвалууд илэрдэг. Энэ хугацаанд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хажууд хянаж хийхээр зохион байгуулалт хийж байна. Нас баралтад хүргэх урвал эхний 30 минутад илэрдэг. Үүнээс болгоомжилж ажилладаг. Цаашдаа ямар хариу урвал илрэхийг тандалт, судалгаа хийгээд явах ёстой.
-Вакцин тариулсны дараа хариу урвалыг бүртгэж байгаа. Өнөөдрийн байдлаар вакцин хийлгэсний дараа хүндрэл үүссэн тохиолдлууд бий юу?
-Вакцин болгонд илэрч болох шинж тэмдэг, хариу урвалыг заасан байдаг. Үйлдвэрлэгчийн зааварт ямар шинж тэмдэг илэрч болзошгүйг заасан байдаг. Үүнд улсын хэмжээнд тандалт хийдэг. Хэрвээ ямар нэг байдлаар хариу урвал илэрвэл иргэн өөрөө эрүүл мэндийн байгууллагад хандана. Тухайн байгууллага хариу арга хэмжээг авч, цааш мэдээлдэг. Вакцин бүрд тандалт хийдэг. Синофармын вакцин хийлгэсэн хүмүүсийн 20 хувьд нь халуурах шинж тэмдэг илэрч байна. Астразенека хийлгэсэн хүмүүст халуурах зэрэг шинж 50-60 хувьд илэрдэг.
Эдгээр шинжүүд 1-2 хоногт арилдаг. Ихэнх вакцины урвал 30 минутын дотор илэрдэг. Энэ төрлийн урвал иргэдэд илэрч байгаа.
-Файзер вакциныг орон нутгийн харьяалалтай хорт хавдартай иргэдэд хэзээ хийх вэ?
-Энэ хүмүүст хийх ёстой гэж хуваарилахгүй тухай өмнө нь хэлсэн. Мэдээж нэн тэргүүнд хамрагдах ёстой зорилтот бүлгийн нэг мөн. Дараагийн ээлжид нийлүүлэх вакциныг орон нутагт түгээх юм.
-Вакцины эсрэг заалт, туйлын эсрэг заалтын тухай тайлбар өгөөч?
-Эсрэг заалт гэдэг бол вакцин болгоны зааварт тусгагддаг зүйл юм. Эсрэг заалт бол тухайн хүнийг вакцинд хамруулахгүй, анхаарал болгоомжтой байх заалт юм.