Бүгд Найрамдах Солонгос Улсын Seegene Inc. компаниас 500,000 ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий КОВИД-19 халдварын Полимеразын гинжин урвалын анализатор машин, вирусийн нуклейн хүчлийг ялгах автомат аппаратыг хандивлаж байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ё Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдвар, нас баралтын тоо дорвитой буурахгүй байгаа энэ амаргүй үед БНСУ-ын Seegenе Inc. компаниас КОВИД-19 халдварыг илрүүлэх, баталгаажуулах гол шинжилгээний аппаратуудыг оношлуурын хамт иж бүрнээр хүлээлгэн өгч байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг онцлоод эдгээр аппарат, тоног төхөөрөмжийг хэрэгцээ шаардлага өндөр байгаа эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгөхөө мэдэгдэв.
Элчин сайд Ли Ё Хун хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын эсрэг авч буй хариу арга хэмжээ, хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг тэмдэглэж, ялангуяа вакцинжуулалтын ажил эрчимтэй өрнөж, дэлхийд дээгүүр бичигдэх болсонд Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэхийн зэрэгцээ БНСУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг КОВИД-19 халдварын эсрэг вакцинд хамруулсан явдалд талархал илэрхийллээ.
КОВИД-19 халдварын цар тахлын эхэн үеэс БНСУ-аас Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх, сэргийлэхэд зориулж, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийн тусламжийг удаа дараа үзүүлж ирсэн нь цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг чадваржуулах, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв гэж ЭМЯ-наас мэдээллээ.