Токиогийн олимпын бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима эхлэн тойрон аялалдаа гарсан.
Бамбар Япон улсын нийт 47 мужаар айлчлан зочлоод долоодугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпын наадам дуустал Токиод мандана. Бамбар аялах муж, хот, дүүрэг бүр Бамбарын буухианд гүйх хүмүүсээ тодруулж, нутгийнхаа алдартнуудыг энэхүү хүндэт арга хэмжээнд урьж байгаа билээ.
Тэгвэл Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд монгол залуу оролцохоор болжээ. “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгсийг энэхүү нэр хүндтэй буухианд томилсноо Тоттори мужаас зарлалаа.
Тэрбээр “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулж, нэрийг нь улс орон даяар мандуулж байгаа. Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс сүмо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан нь ийнхүү үнэлэгджээ.
Р.Гантөгс энэ сарын 22-нд 19:00 цагаас Тоттори хотын Бамбарын буухианд оролцоно. Нийт 40 хүн гүйх бөгөөд Тоттори мужаас төрсөн олимп, дэлхийн медальтнууд, Токиогийн олимпод оролцох тамирчид сонгогдож, үлдсэн эрхийг нутгийн иргэдэд сугалаагаар олгосон гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.