ДЭМБ-ын “HealthForAll” кино наадмын “Эрүүл мэндийн яаралтай тусламж” төрөлд Монголын алсалмал нутагт “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлж буйг харуулсан Г.Баттулгын “Far Away” кино тусгай шагнал хүртэв.
ДЭМБ-аас хоёрдахь жилдээ зохион байгуулсан тус наадамд 120 улсын 1300 орчим богино хэмжээний кино бүтээл өрсөлджээ.
Энэхүү кино нь ДЭМБ-ын эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүргэх бодлого, үйл ажиллагаанаас гадна “Ковид-19” халдвартай тэмцэх хүчин чармайлт, холбогдох заавар, зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлж, эрүүл мэндийн анхан шатны ажилтнууд алсалсан бүс нутагт суурьшдаг, соёлын өвөө хадгалан тээж буй хүн амд хүргэж буйг тод томруун харуулсныг кино наадмын шүүгчид үнэлсэн байна. Түүнчлэн кино зохиол, найруулга, дуу дүрс мэргэжлийн өндөр түвшинд бүтээснийг онцолжээ.
Кино наадамд оролцсон нийт бүтээлийн 40 хувь нь “Ковид-19”цар тахлын сэдэвтэй байсан байна.
Шагнал гардуулах ёслолыг 5 дугаар сарын 14-ний өдөр цахимаар зохион байгуулсан байна.