Аймгийн хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 89.5 хувь, давтан тунд 25.2 хувь хамрагдаад байна. 50 хүн цар тахлын халдвар авсны 41-ийг нь аймагтаа эмчилж эдгээсэн. Өнөөдрийн байдлаар халдвар нэмж бүртгэгдээгүй, идэвхтэй голомтууд хумигдаж эхэлсэн тухай аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Од Монгол Улсын Шадар сайдад танилцуулав.
Шадар сайд С.Амарсайхан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар төрлийг сайжруулах үүднээс Эрүүл мэндийг дэмжих төв байгуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр аймаг төдийгүй Дундговь, Дорноговь аймгийн ойролцоох сумдын иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бүрэн авах боломж бүрдэх юм.
Аймаг, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудын бэлэн байдлыг хангах зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмж, автомашин нийлүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд хэлж, Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай УАЗ пургон автомашин хүлээлгэж өглөө. Мөн өнгөрсөн гуравдугаар сард байгалийн гамшигт үзэгдэлд өртөж орон гэргүй болсон 12 өрхөд гэр өгөв. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд иж бүрэн тоноглогдсон шүдний кабинетын нээлтэд оролцох үеэрээ улсын хэмжээнд бүх суманд шүдний кабинет байгуулахаар төлөвлөснийг хэлэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.