Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд болох Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Х.Ганхуяг нар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт Туул голын асуудлаар шаардлага хүргүүлжээ.
Шаардлагад "Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэн нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Улаанбаатар хотын ундны усны ундарга болсон Туул голын эрэг дагуу бургас огтолж, барилга барихыг ард түмний төлөөлөл болж УИХ-д сонгогдсон гишүүд бид хүлээн зөвшөөрөхгүй. Туул голын эрэгт барилга барих зориулалтаар олгосон 19 газрын захирамжийг хүчингүй болгож, тэдгээр газрын зөвшөөрлийг хүчингүй болгохыг танаас хүсье.
Улаанбаатар хотын иргэдийн амарч зугаалах орчин юу юунаас илүү хэрэгтэй байх тул Туул голын эрэг орчмыг тохижуулах ажил хэргийн төлөө УИХ-ын гишүүд бид тантай хамтран ажиллана" гэсэн байна.
ШААРДЛАГА:
НИТХ-ын 2016 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 50 дугаар тогтоолоор усан сан бүхий газар буюу голын эргээс 50 метр хүртэлх газрыг онцгой хамгаалалтын бүсэд хамруулах болсон. Өмнө нь үерийн далангаас гадагш 50 метр газрыг онцгой хамгаалалтын бүсэд хамруулдаг байв.