УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцжээ.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүн 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын таван гишүүн 2021 оны тавдугаар 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцууллаа.
Эхлээд Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахтай холбоотой зохицуулалт бүхий Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хууль батлагдсанаар үүсэх төсвийн эх үүсвэрийн дутагдлыг хэрхэн арилгах талаар тодруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны Ажлын хэсгээс хариулт авав.
Дараа нь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахтай холбоотой зохицуулалт бүхий хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Байнгын хорооны дарга танилцуулав.
Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх зохицуулалтын дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг нар Төслийн 1 дүгээр зүйлийн “2021 оноос эхлэн тус бүр 9.5 хувьтай” гэснийг “ гэсний дараа “2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тус бүр 9.5 хувь,” гэж, мөн зүйлийн “2021 оноос эхлэн 12.5 хувиас” гэснийг “ гэсний дараа “2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл 12.5 хувиас,” гэж тус тус нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргаж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.
Ийнхүү хэлэлцээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв