Хятадад өнгөрсөн долоо хоногт болсон 100 км-ийн марафоны үеэр 21 тамирчин өөд болсон билээ. Марафон үргэлжилж байсан ууланд цаг агаар гэнэт муудаж, агаарын даралт унасан нь дээрх тамирчдын үхлийн шалтгаан болсон хэмээн албаныхан дүгнэж байгаа юм. Тэгвэл тухайн үед үхлийн ирмэгт байсан зургаан тамирчинг олж аварсан нутгийн малчин эр Жу Кеминийг хүмүүс баатар хэмээн шагшин магтаж байгаа гэнэ.
Жу Кемин энэ сарын 22-нд хонио бэлчээж явтал гэнэт цаг агаар муудаж, ширүүн бороо асгарч, агаарын хэм эрс унасан байна. Тиймээс Жу хонины бэлчээрт яаралтай үед хэрэглэх хүнс, эм, хувцас хадгалдаг агуйдаа түр хоргодохоор шийджээ.
Агуйдаа яваад очтол бээрч хөшсөн тамирчин аадар борооноос толгой хоргодож байхтай таарсан гэнэ. Тийнхүү Жу тамирчны бээрч, хөшсөн хөл, гарт нь иллэг хийн гал түлж, хувцсыг нь хатааж өгсөн байна. Удалгүй мөн ижил байдалтай дөрвөн тамирчин Жугийн агуйд ирж, гадаа дахиад олон тамирчин байгааг, зарим нь ухаан алдсан талаар хэлжээ. Гадаа нь хүн үхлийн ирмэг дээр ухаангүй байгааг сонсоод сайхан сэтгэлт Жу баатарлагаар аадар бороон дундуур тамирчдыг хайхаар гарч, ухаан алдсан нэг тамирчин олж агуйдаа авчирсан гэнэ.
Ухаан алдсан тамирчин хожим тэнхрээд цахим хуудсандаа “Намайг аварсан малчин эрд маш их талархаж байна. Тэр хүн байгаагүй бол би 21 нөхдийнхөө адил харамсалтайгаар гадаа осгож үхэх байсан” хэмээн бичсэн байна.
Тийнхүү гурван эрэгтэй, гурван эмэгтэй нийт зургаан тамирчинг үхлийн аюулаас аварсанд нь хүмүүс талархан Жуг баатар хэмээн шагшин магтах болжээ. Харин Жу хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ердөө л энгийн хүн энгийн нэгэн хүнийхээ хийх ёстой энгийн нэгэн зүйлийг хийсэн хэрэг юм шүү дээ. Харин ч гадаа тусламж хэрэгтэй өөр олон хүн байсан. Жишээ нь би ухаан алдсан тамирчдыг хайж байхдаа хоёр ч эрэгтэйг амьсгал хураасан байхтай таарсан. Би тэдний төлөө юу ч хийж чадаагүй, намайг уучлаарай” хэмээн ярьжээ.
Эл золгүй марафоны тухай мэдээлэл Хятад орон даяар хурдтай тарж, хүмүүс цаг агаарын ноцтой үзэгдэл болох тухай мэдээ, анхааруулгыг үл тоон тэмцээн зохион байгуулсан зохион байгуулагчдыг 21 тамирчны үхэлд буруутгаж байгаа аж.