Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүргийн наймдугаар хороонд байх Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Дэд бүтцүүдийг татаж, 3500 орчим айл газар чөлөөлж, 15 мянган айлын орон сууцны хороолол барих боломжтой гэдгийг Хотын дарга Ерөнхий сайдад танилцуулсан юм. Мөн дулаан, цахилгаан, бохирын эх үүсвэрийг шийдсэн гэдгийг онцолсон.
Сонгинохайрхан дүүргийн хувьд нийт өрхийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Иймээс гэр хорооллыг орон сууцжуулах шаардлага зүй ёсоор тулгарч буй юм. Мөн Баянхошуу нь Улаанбаатар хотын утааны 10 голомтын нэг. Иймээс тус газар дэд төв байгуулж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор хувийн томоохон аж ахуйн нэгжүүд энэ газрыг сонирхож байгаа аж. Иргэдийн газрыг чөлөөлөхдөө дэлгүүртэй байлаа гэхэд үргэлжлүүлэн бизнесээ эрхлэх боломжийг нь ч мөн давхар шийджээ. Одоогийн байдлаар авто замуудыг тавиад байна. Цаашид 2-3 давхар байр барихаар төлөвлөж, зогсоол, ногоон байгууламж, эмнэлэг, сургууль гээд бүх зүйлийг шийдэж байгаа гэнэ.
Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Орлогод нийцнэ гэхээр иргэд хямдхан орон сууц гэж буруу ойлгодог. Тухайн өрхийн орлогод тааруулж, орон сууцтай болгох боломжийг олгож байгаа нь орлогод нийцсэн орон сууц юм. Ногоон орон сууц нь хэрэглээний зардал бууруулна. Мөн байгаль орчинд ээлтэй. Эко хорооллын төлөвлөлт орон сууцны шинэчлэлийг бий болгож байгаа. Орлогын хувьд холимог байдлаар иргэдийг суурьшуулна. 15 хувьд нь халамжийн буюу энгийн түрээсийн орон сууц, 55 хувьд нь орлогод нийцсэн буюу түрээслээд өмчлөх, ипотекийн зээл, үлдсэн 30 хувийг нь зах зээлд борлуулна” гэлээ.
Төсөл таван үе шаттай хэрэгжинэ. Эхний үе шатаар 10 га талбайд хоёр эко хороолол барих аж. Дэлхийн олон хот орон сууцны буруу бодлого явуулж, алдагдал хүлээдэг. Жишээ нь, түрээсийн орон сууцыг нэг дор төвлөрүүлдэг нь нийгэмд асар сөрөг нөлөөтэй. Тиймээс холимог тогтолцоог энд хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд нийт 20 эко хороолол барих гэнэ. Төслийг 2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч хугацаанаас нь өмнө газар чөлөөлтийг хийгээд эхэлсэн байна. Зураг төсөл боловсруулж, сонгон шалгаруулалт зарлагдахад бэлэн болжээ. Төсөл 2027 онд хэрэгжиж дуусах юм.
Баянхошуу дэд төвийн хүрээнд 5.6 га талбайг чөлөөлж, дэд бүтцийг шийджээ. Газрыг орон сууцаар сольж, чөлөөлсөн байна. 94 нэгж талбарын 280 өрх бүгд орон сууцанд хамрагдсан гэнэ. Энэ хэрээр яндангийн тоо буурч, төлөвлөлтийг бэрхшээлгүй хийх нөхцөл бүрджээ. Түүнчлэн 1.5 га-д ногоон байгууламж төлөвлөсөн байна. Дэд төвд иргэдийг суурьшуулахын тулд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, төрийн байгууллагуудыг төвлөрүүлнэ. Эко орон сууц насжилтын хувьд өндөр бөгөөд хотын шинэ төвийг бий болгохоор зорьж байгаагаа албаныхан хэлж байлаа.
2800 гаруй хашаа буюу 6000 өрхийг хамарсан интернэт, IP TV-гээр хангах, сүүлийн үеийн мэдээлэл технологийн үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ. Энэ ажил эхнээсээ хийгдээд эхэлсэн гэдгийг энэ үеэр онцолж байв.
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд Ерөнхий сайдыг Хүүхэд, залуучуудын театрыг бий болгоход дэмжлэг үзүүлэхийг, сурагчдын үдийн цайг үдийн хоол болгоход анхаарал хандуулахыг хүссэн юм. Мөн Хотын дарга сургуулийн хоолны газрын түрээсийн орлогын 60 хувийг хот авдаг байсныг сургуульд нь үлдээх бодитой шийдвэр гаргасанд талархаж буйгаа илэрхийлж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС