Сахигтун үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулсан "Шүүхийг шүүе-3" эв нэгдлийн цуглаан өнөөдөр Чингисийн талбайд боллоо. Энэхүү эв нэгдлийн цуглаанд Шүүх хууль хяналтын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хохирч хэлмэгдсэн иргэд Монгол улсын Төрийн далбаан дор нэгдэн оролцсон юм. Монгол хүн бүр үндсэн хуулиа мэддэг байх ёстой. Хууль хүн бүрд эрх тэгш үйлчилдэг байх ёстой. Тийм учир Сахигтун үндэсний хөдөлгөөнөөс ард иргэдтэй хамтран нэг үзэл санаан дор эвлэлдэн нэгдэж Монгол улсын хууль үнэн шударга байгаасай Төр нь иргэнээ хамгаалдаг байгаасай гэсэн уриатай цуглаан зохион байгуулагдлаа.
Эрх мэдэлтэй албан тушаалтнууд үндсэн хуулиа сахиж мөрддөггүй ард иргэд нь үндсэн хуулийг мэддэггүй учир хэнээс хариуцлага нэхэж,хэнд хяналт тавихаа мэдэхгүй хохирч байдаг. Иймд Сахигтун үндэсний хөдөлгөөн болон 70 гаруй төрийн бус байгууллагын зүгээс иргэдэд хуулийн мэдлэг олгож эрхээ хамгаалах чадамжтай болгохын тулд бүх ард түмнийг уриалан дуудаж эвлэлдэн нэгдэхийг хүсэж байгаа юм байна.
Монголын ард иргэд эвлэлдэн нэгдэж шударга нийгэм, шударга шүүхийн тогтолцоог бүтээж чадвал ирээдүй хойч үедээ ажиллаж амьдрахад нь аюулгүй орчныг үлдээх нь нэн чухал гэдгийг тус цуглааныг зохион байгуулагчид онцолжээ.
Иргэд ямарваа нэгэн хуулийн этгээдийн санаатай болон санамсаргүй гаргасан алдаанаас болж хохирохгүй өөрийгөө хамгаалж чаддаг болсон цагт эдгээр эв нэгдлийн хөдөлгөөнүүдийн хүсэл зорилго биелэх юм.